Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

АНУ Ираны боомтуудыг бүслэх шийдвэр гаргалаа

АНУ Ираны боомтуудыг бүслэх шийдвэр гаргалаа

АНУ Ираны боомтуудыг бүслэх шийдвэр гаргалаа

АНУ болон Ираны хооронд Пакистаны нийслэл Исламабад хотод өрнөсөн энхийн хэлэлцээ үр дүнд хүрэлгүй өндөрлөсний дараа АНУ цэргийн дараагийн алхмаа хэрэгжүүлж, Ираны боомтуудыг бүслэх шийдвэр гаргалаа.

АНУ-ын Төв командлалын мэдээлснээр тус улсын Тэнгисийн цэрэг даваа гарагийн өглөөнөөс (АНУ-ын зүүн эргийн цагаар 10:00) эхлэн Ираны боомтууд руу чиглэсэн усан тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах бүслэлтийг хэрэгжүүлэхээр болсон байна. Энэхүү арга хэмжээ нь Персийн булан болон Оманы булан дахь Ираны бүх боомтыг хамарч, олон улсын бүх усан онгоцонд адил үйлчлэхээр төлөвлөгджээ.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өмнө нь Ормузын хоолойг хаах хүртэл арга хэмжээ авч болзошгүйг анхааруулж байсан бөгөөд энэ удаад Иранд төлбөр төлөн хоолойгоор нэвтрэхийг оролдсон аливаа хөлгийг зогсоох үүргийг Тэнгисийн цэрэгт өгсөн талаар мэдэгдсэн байна.

Ормузын хоолой нь дэлхийн нефтийн нийлүүлэлтийн ойролцоогоор 20% дамжин өнгөрдөг стратегийн чухал бүс бөгөөд сүүлийн долоо хоногуудад аюулгүй байдлын эрсдлээс шалтгаалан тээвэрлэлтийн урсгал мэдэгдэхүйц буурсан хэвээр байна. Зарим танкер хөдөлгөөн хийж эхэлсэн ч дайнаас өмнөх түвшинд хүрээгүй байна.

Энхийн хэлэлцээ бүтэлгүйтсэн шалтгааныг АНУ-ын тал Иран цөмийн хөтөлбөрийн талаар тодорхой амлалт өгөөгүйтэй холбон тайлбарласан бол Ираны зүгээс АНУ-д итгэх итгэл алдагдсан гэж буруутгажээ.

Үүссэн нөхцөл байдлын нөлөөгөөр зах зээлд эрсдэл нэмэгдэж, нефтийн үнэ дахин өссөн байна. WTI төрлийн нефть ойролцоогоор 8%-иар өсч баррель нь 104 ам.доллар давсан бол Брент нефть мөн 100 ам.долларын босгыг давж, эрчим хүчний нийлүүлэлтэд тодорхойгүй байдал улам нэмэгдсэнийг илтгэж байна.

Үүнтэй зэрэгцэн Доналд Трампын зүгээс Ираны эсрэг хязгаарлагдмал хэмжээний цэргийн цохилт өгөх хувилбарыг судалж байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн нь ойрын хугацаанд геополитикийн нөхцөл байдал дахин хурцдах эрсдэл өндөр хэвээр байгааг харуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.