Ам.долларын эзлэх хувь буурч, төв банкууд алт болон бусад валют руу шилжиж байна
Дэлхийн санхүүгийн системд ноёрхож ирсэн ам.долларын байр суурь сүүлийн жилүүдэд аажмаар суларч, төв банкууд нөөцөө илүү төрөлжүүлэх хандлага эрчимжиж байна.
Олон Улсын Валютын Сангийн мэдээлснээр ам.доллар нь дэлхийн гадаад валют болон алтны нөөцийн нийт дүнгийн ойролцоогоор 46%-ийг бүрдүүлж байгаа нь сүүлийн 26 жилийн хамгийн доод түвшин болж байна. Энэ үзүүлэлт 2017 оноос хойш 15 нэгж хувиар буурсан байна.
Харин алтыг хассан цэвэр валютын нөөцөөр тооцвол ам.долларын эзлэх хувь 57% болж, 1994 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн нь анхаарал татаж байна.
Энэхүү бууралтын цаад шалтгаан нь төв банкуудын стратегийн өөрчлөлттэй холбоотой. Сүүлийн жилүүдэд улс орнууд алтны нөөцөө эрчимтэй нэмэгдүүлж, мөн евро, юань зэрэг бусад валютын эзлэх хувийг өсгөх бодлого баримталж байна. Энэ нь нэг валютын эрсдэлд хэт төвлөрөхөөс зайлсхийх, нөөцийн тогтвортой байдлыг хангах зорилготой юм.
Түүхэн жишээгээр ам.долларын дэлхийн нөөцөд эзлэх хувь 50%-иас доош орж байсан хамгийн сүүлийн үе нь 1990–1991 он бөгөөд тухайн үед АНУ-д инфляц өндөр, эдийн засгийн өсөлт саарч, зах зээл дэх итгэл сулрах зэрэг нөхцөл бүрдэж байсан.
Өнөөгийн нөхцөлд ч мөн адил геополитикийн тодорхойгүй байдал, инфляцын дарамт, олон улсын худалдаа болон санхүүгийн урсгалын бүтэц өөрчлөгдөж буй нь ам.долларын ноёрхолд аажмаар сорилт үүсгэж байгааг илтгэж байна.
Гэсэн хэдий ч ам.доллар дэлхийн хамгийн өргөн хэрэглэгддэг нөөц валют хэвээр байгаа бөгөөд ойрын хугацаанд ноёрхлоо алдах магадлал бага ч урт хугацаанд олон валюттай, илүү тэнцвэртэй систем рүү шилжих хандлага тодорхой ажиглагдаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
