Тодорхойгүй байдлын дунд зах зээл шинэ дээд түвшинд хүрлээ
Ойрхи Дорнодод дипломат шийдэлд хүрэх боломж нэмэгдэж буй дохио гарч байгаа ч нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй хэвээр байна. Израил–Ливаны хооронд гал зогсоох тохиролцоо хийгдэж, хэлэлцээ үргэлжлэх хүлээлт бий болсон ч зах зээл эрсдэл бүрэн арилсан гэж үзэхгүй байна. Тухайлбал Брент төрлийн нефтийн үнэ баррель нь 100 ам.долларт ойр байгаа, Ормузын хоолойн урсгал бүрэн сэргэж амжаагүй байна.
Гэсэн хэдий ч хөрөнгийн зах зээлд эерэг хандлага давамгайлж, S&P 500 индекс шинэ дээд түвшинд хүрсэн бол Nasdaq индекс 2009 оноос хойших хамгийн урт өсөлтийн цувааг бүртгэлээ. Хөрөнгө оруулагчид геополитикийн тодорхойгүй байдлыг үл харгалзан эрсдэлтэй хөрөнгө рүү чиглэж байна.
Харин компанийн түвшинд зах зээлийн хүлээлт өндөр байгааг илтгэх хөдөлгөөнүүд ажиглагдлаа. Чип үйлдвэрлэгч TSMC болон ASML компаниуд өндөр санхүүгийн үзүүлэлт танилцуулсан ч хувьцааны ханш буурсан нь хөрөнгө оруулагчдын хүлээлт өндөр түвшинд хүрснийг харуулж байна. Өөрөөр хэлбэл, “сайн мэдээ” зах зээлд хангалттай нөлөө үзүүлэхээ больж, илүү өндөр гүйцэтгэл шаардаж байна.
Үүнээс гадна зах зээлд “AI” сэдэвтэй холбоотой хэт хөөрөгдөл үргэлжилж байгааг Allbirds компанийн жишээ тод харууллаа. Тус компани бизнесийн чиглэлээ хиймэл оюун ухаантай холбож өөрчлөх төлөвлөгөө зарласны дараа хувьцааны ханш богино хугацаанд огцом өссөн нь “сэдэв дагасан” хөрөнгө оруулалт гэж үзэж байна. Энэ нь өмнөх трендүүдийн үед ажиглагдаж байсантай ижил төстэй хөөс үүсэх эрсдэл дахин давтагдаж болзошгүйг анхааруулж байгаа юм.
Ийнхүү геополитикийн эрсдэл хэвээр ч зах зээл өсөлтөө хадгалж байгаа ч энэ өсөлт нь хүлээлт, сэтгэл зүйд тулгуурлах хандлагатай байгаа нь хэлбэлзэл нэмэгдэх эрсдэлийг дагуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
