Netflix: Ашиг хүлээлтээс давсан ч хувьцаа огцом унав
Netflix компанийн 2026 оны I улирлын санхүүгийн үзүүлэлтүүд зах зээлийн хүлээлтээс давсан ч хувьцааны ханш эсрэг чиглэлд хөдөлж, ойролцоогоор 9%-иар буурлаа.
1-р улирлын байдлаар компанийн борлуулалтын орлого 12.25 тэрбум ам.долларт хүрч, өмнөх жилийн мөн үеэс 16%-иар өссөн ба цэвэр ашиг 5.28 тэрбум ам.доллар болж ойролцоогоор хоёр дахин нэмэгдсэн байна. Ашгийн өсөлтөд Warner Bros. Discovery-тэй хийхээр төлөвлөж байсан хэлцэл цуцлагдсаны 2.8 тэрбум ам.долларын нөхөн төлбөр нөлөөлжээ.
Гэсэн хэдий ч компанийн хувьцааны уналтад нөлөөлсөн хүчин зүйл нь удирдлагын өөрчлөлт байв. Тус компанийн хамтран үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Reed Hastings 6-р сард бүрэн эрхийн хугацаа дуусмагц Төлөөлөн удирдах зөвлөлөөс гарахаа мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдын итгэлд сөргөөр нөлөөлөв.
Компани бүтэн жилийн орлогын төлөвлөлтөө хэвээр хадгалж (50.7–51.7 тэрбум ам.доллар), зар сурталчилгааны орлогоо 2026 онд 3 тэрбум ам.долларт хүргэнэ гэсэн зорилтоо дахин баталсан байна.
Ийнхүү суурь үзүүлэлтүүд сайжирч байгаа ч удирдлагын өөрчлөлт болон ирээдүйн өсөлтийн талаарх тодорхойгүй байдал нь зах зээлийн богино хугацааны хандлагад илүү хүчтэй нөлөөлж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
