Ойрхи Дорнодын хурцадмал байдал дахин нэмэгдлээ
Өнгөрөгч амралтын өдрүүдэд АНУ ба Ираны зөрчил огцом хурцдаж, энхийн хэлэлцээний ирээдүйд тодорхойгүй байдал үүсгэлээ. АНУ-ын тэнгисийн цэрэг Ормузын хоолойн орчимд Ираны ачааны хөлгийг гал нээж зогсоон, улмаар хяналтдаа авсан нь бүс нутгийн нөхцөл байдлыг шинэ шатанд хүргэв.
АНУ-ын талын мэдээлснээр тус хөлөг анхааруулгыг үл тоон нэвтрэхийг оролдсон тул хөдөлгүүрийн хэсэгт нь галлаж ажиллагааг нь зогсоосны дараа цэргийнхэн хөлөгт нэвтэрч бүрэн хяналтдаа авсан байна. Ерөнхийлөгч Доналд Трамп уг үйлдлийг баталж, “АНУ одоо тухайн хөлгийг бүрэн эзэмшилдээ авсан” хэмээн мэдэгдсэн.
Харин Ираны тал энэхүү үйлдлийг “зэвсэгт дээрэм” гэж тодорхойлж, ойрын хугацаанд хариу арга хэмжээ авна гэдгээ анхаарууллаа. Ираны цэргийн удирдлагын мэдэгдэлд АНУ-ын тэнгисийн ажиллагаанд хариу цохилт өгөхөө онцолсон нь мөргөлдөөн улам даамжрах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Түүнчлэн JD Vance тэргүүтэй АНУ-ын төлөөлөгчид энхийн хэлэлцээнд оролцохоор төлөвлөж байгаа ч уулзалт бодитоор болох эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Ираны тал АНУ-ыг “байнга байр сууриа өөрчилж, хэт шаардлага тавьж байна” гэж буруутгасан бол Вашингтон хэлэлцээр байгуулах боломж байсаар байгаа гэж үзэж байна.
Бүс нутгийн хурцадмал байдал нэмэгдсэнтэй холбоотойгоор Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэр бараг зогсонги байдалд оржээ. Үүний нөлөөгөөр нефтийн үнэ огцом өсөж, Брент төрлийн нефть баррель нь 96–97 ам.долларын түвшинд хүрсэн бол хөрөнгийн зах зээлд болгоомжлол нэмэгдлээ.
Амралтын өдрүүдийн үйл явдлууд нь дайны болон дипломат үйл явц зэрэгцэн, тогтворгүй байдал үргэлжилж байгааг харууллаа. Талуудын мэдэгдэл, бодит үйл ажиллагаа хоорондоо зөрүүтэй, хурдан өөрчлөгдөж байгаа нь ойрын хугацаанд нөхцөл байдал тогтворжих эсэхэд эргэлзээ төрүүлж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
