Иран хэлэлцээнд оролцохоос татгалзсаны дараа АНУ гал зогсоох хугацааг сунгав
Иран Пакистанд товлогдсон АНУ-тай хийх дараагийн шатны хэлэлцээнд оролцохгүй гэдгээ зуучлагч талуудаар дамжуулан мэдэгдсэн байна. Тегеран энэ шийдвэрээ хэд хэдэн шалтгаанаар тайлбарлажээ.
Нэгдүгээрт, Пакистаны зуучлалаар санал болгосон “10 заалттай” гал зогсоох төлөвлөгөө бодит байдал дээр хангалттай хэрэгжээгүй, “сул хэрэгжилттэй” гэж үзсэн байна. Хоёрдугаарт, АНУ-ын зүгээс Ираны боомтуудад тавьсан тэнгисийн бүслэлт болон Ормузын хоолой дахь хяналт, дарамт үргэлжилж байгаа нь гал зогсоох тохиролцооны үндсэн нөхцөлийг зөрчиж байна гэж дүгнэжээ.
Мөн Ираны тал АНУ энхийн хэлэлцээ хийх талаар ярьж байгаа ч цэргийн болон эдийн засгийн дарамтаа бууруулахгүй байгаа нь итгэлцлийг алдагдуулж, ийм нөхцөлд хэлэлцээ хийх нь “утгагүй” гэж үзсэн байна. Тиймээс энэ байр сууриа Пакистаны зуучлагчдаар дамжуулан Вашингтонд хүргүүлжээ.
Үүний дараа Доналд Трамп гал зогсоох хэлэлцээрийн хугацаа дуусахын өмнөхөн үүнийг тодорхойгүй хугацаагаар буюу Ираны талыг хэлэлцээ хийхэд бэлэн болох хүртэл сунгахаа мэдэгдсэн бөгөөд энэ шийдвэрийг Пакистаны талын хүсэлттэй холбон тайлбарласан байна. Гэсэн хэдий ч АНУ-ын зүгээс Ираны тэнгисийн бүслэлтийг үргэлжлүүлэх байр сууриа хэвээр хадгалж байгааг мөн онцолжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
