Технологийн өрсөлдөөнд Хятад улс дахин шинэ алхамыг хийлээ
Хятад улс Meta компанийн хиймэл оюуны стартап Manus-ийг 2 тэрбум ам.доллараар худалдан авах хэлцлийг албан ёсоор зогсоолоо. Энэ нь зүгээр нэг компанийн наймаа цуцлагдсан асуудал биш, харин Хятад болон АНУ-ын хиймэл оюуны өрсөлдөөн шинэ шатанд орсныг харуулсан том дохио боллоо.
Өөрөөр хэлбэл Хятад улс одоо зөвхөн чип, программ хангамж бус, авьяаслаг инженерүүд, өгөгдөл, технологийн мэдлэгээ гадагш алдахгүй байх бодлогод илүү төвлөрч эхэлжээ. Хятадад эхэлсэн AI компаниудыг гадаад руу шилжүүлээд Америкийн том компанид зарах замыг хааж эхэлж байна гэсэн үг.
Manus компани 2025 онд гарч ирэхдээ Хятадын төрийн хэвлэлүүдээс “дараагийн DeepSeek” хэмээн үнэлэгдэж, дотоодын AI салбарын шинэ од гэж тооцогдож байв. Дараа нь төвөө Сингапур руу шилжүүлж, Meta худалдан авахаар болсон ч Хятадын тал үүнийг зөвшөөрсөнгүй. Учир нь компанийн бүртгэл хаана байхаас илүүтэй, технологи нь хаана бүтээгдсэн, өгөгдөл нь хаанаас үүссэн, инженерүүд нь хаанаас гаралтай вэ гэдэг нь илүү чухал гэж үзсэн байна.
Дэлхийн зах зээлийн хувьд энэ нь хиймэл оюуны салбар цаашид хоёр тусдаа систем рүү хуваагдах магадлалтайг илтгэж байна. Нэг талд АНУ төвтэй AI экосистем, нөгөө талд Хятад төвтэй AI экосистем үүснэ. Ийм нөхцөлд хөрөнгө оруулагчид зөвхөн бүтээгдэхүүн, ашиг орлого харахаас гадна тухайн компани аль улсын технологийн хүрээнд багтаж байгааг давхар анхаарах шаардлагатай болно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
