Ши Жиньпин: Тайванийн асуудал харилцааг мөргөлдөөн рүү түлхэж болзошгүй
Доналд Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэх бөгөөд худалдаа, бүс нутгийн аюулгүй байдал, Ираны асуудал зэрэг томоохон сэдэв хэлэлцээний төвд байлаа. Гэвч энэ үеэр Ши Жиньпин Тайванийн асуудлаар хатуу анхааруулга өгсөн нь АНУ, Хятадын харилцаа дахин хурцдах эрсдэлийг тодотгов.
Хятадын Гадаад хэргийн яамны мэдээлснээр Ши Жиньпин Тайванийн асуудлыг “буруу удирдвал хоёр улсын харилцааг мөргөлдөөн рүү түлхэж болзошгүй” хэмээн Трампад анхааруулжээ. Гэвч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Тайванийн асуудал хөндөгдсөн ч “АНУ-ын бодлого өөрчлөгдөөгүй” гэдгийг онцолсон байна.
Үүний зэрэгцээ талууд худалдааны түр эвлэрлийг үргэлжлүүлэх, цаашдын маргааныг зохицуулах шинэ механизм байгуулах талаар ахиц гаргасныг АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир мэдэгдэв. Мөн Хятад Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үхрийн мах, Boeing компанийн онгоц худалдан авахаар тохиролцсон байна.
Хятад 200 ширхэг Boeing онгоц захиалахаар болсон нь сүүлийн бараг 10 жилийн хугацаанд АНУ-аас авах анхны томоохон нисэх онгоцны захиалга болохоор байна. Гэвч зах зээл 500 орчим онгоцны хэлцэл хүлээж байсан тул Boeing-ийн хувьцаа 5 хувиар унажээ.
Үүнээс гадна Трамп Ираны асуудлаар Хятадын дэмжлэгийг авахыг зорьж, Ормузын хоолойг дахин нээх асуудлыг онцлон хэлэлцсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
