Apple компани бүтээгдэхүүний үнээ нэмэгдүүлэхээр боллоо
Apple хиймэл оюун ухааны дэд бүтцийн эрэлтээс үүдэн санах ой (memory) болон хадгалах төхөөрөмжийн үнэ эрс өссөнтэй холбоотойгоор MacBook болон iPad бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлснээ албан ёсоор зарлалаа.
Үнэ нэмэгдэх болсон гол шалтгаан нь AI дата төвүүдийн хурдацтай өргөжилтээс үүдэн санах ой болон хадгалах төхөөрөмжийн эрэлт огцом өсөж, эдгээр бүрэлдэхүүн хэсгийн үнэ сүүлийн гурван улиралд дөрөв дахин нэмэгдсэнтэй холбоотой юм. Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк өнгөрсөн долоо хоногт ийм нөхцөлд хэрэглэгчдийг зардлын өсөлтөөс бүрэн хамгаалах боломжгүй болсон гэдгийг мэдэгдэж байсан бол компани цаашид ч зарим бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх боломжтойг онцолжээ.
Энэ нөхцөл байдал санах ойн үйлдвэрлэгчдэд томоохон ашиг авчирч байна. Тухайлбал, Micron хамгийн сүүлийн улиралд орлого нь дөрөв дахин өсөж, нийт ашгийн маржин нь 84.9%-д хүрсэн нь Nvidia болон Meta зэрэг компаниудаас ч өндөр үзүүлэлт болсон байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар AI-ийн илүү өндөр хүчин чадалтай функцуудыг дэмжихийн тулд Apple шинэ төхөөрөмжүүддээ илүү их RAM болон хадгалах багтаамж шаардлагатай болгож байгаа бөгөөд үүний зэрэгцээ iPhone зэрэг бүтээгдэхүүний дундаж борлуулалтын үнэ энэ онд ойролцоогоор 12%-иар өсөх төлөвтэй байна. Иймээс Apple үнийн өсөлтийг зөвхөн бүрэлдэхүүн хэсгийн өртөг нэмэгдсэнтэй бус, илүү өндөр үзүүлэлттэй техник хангамж болон AI боломжуудтай шинэ бүтээгдэхүүн санал болгож буйтай холбон тайлбарлах стратеги баримталж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
