АНУ-ын технологийн 7 компанийн үнэлгээ МУ-ын 1 жилийн ДНБ-ээс 700 дахин их.
АНУ-ын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 81 их наяд ам.долларт хүрч, дэлхийн нийт хөрөнгийн зах зээлийн үнэлгээний ойролцоогоор 48%-ийг бүрдүүлэн түүхэн дээд түвшинд хүрээд байна.
Энэ нь дэлхийн хоёр дахь том хөрөнгийн зах зээл болох БНХАУ-ын 17 их наяд ам.долларын үнэлгээнээс 375%-иар өндөр үзүүлэлт юм. Мөн АНУ-ын хөрөнгийн зах зээл нь БНХАУ, Япон, Хонконг, Тайванийн хөрөнгийн зах зээлийн нийлбэр үнэлгээнээс хоёр дахин том, цаашлаад дараагийн 18 улсын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээг нийлүүлснээс ч илүү хэмжээтэй болжээ.
Түүнчлэн Magnificent 7 буюу АНУ-ын технологийн тэргүүлэгч долоон компанийн нийт зах зээлийн үнэлгээ дангаараа БНХАУ-ын бүх хөрөнгийн зах зээлийн үнэлгээнээс давсан байна. Эдгээр үзүүлэлтүүд нь АНУ дэлхийн хөрөнгийн зах зээлд урьд өмнө байгаагүй хэмжээнд ноёрхож, дэлхийн хөрөнгө оруулалтын урсгалын гол төв хэвээр байгааг харуулж байна.
Үүнээс гадна АНУ-ын технологийн тэргүүлэгч "Magnificent 7" компанийн нийт зах зээлийн үнэлгээ өнөөдөр 20 их наяд ам.долларыг давж, дангаараа Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн хэмжээнээс ойролцоогоор 700 дахин том болжээ. Монгол Улсын нэг жилийн ДНБ ойролцоогоор 30 тэрбум ам.доллар.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
