Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн 2026 оны эхний хагас жилийн гүйцэтгэл хэр байв?

Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн 2026 оны эхний хагас жилийн гүйцэтгэл хэр байв?

Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн 2026 оны эхний хагас жилийн гүйцэтгэл хэр байв?

Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн 2026 оны эхний хагас жилийн гүйцэтгэл хэр байв?

Дэлхийн хөрөнгийн биржүүдийн дунд “бирж дээр арилжаалагддаг бирж” гэсэн онцлог загвар цөөн байдаг. NYSE, NASDAQ зэрэг томоохон биржүүд өөрсдийн платформ дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниуд байдаг ба МХБ ч мөн энэ ангилалд багтана. Тиймээс МХБ-ийн хагас жилийн тайлан хоёр онцгой ач холбогдолтой: нэгдүгээрт, зах зээлийн үйл ажиллагааны толь; хоёрдугаарт, хувьцаа эзэмшигчдийн хувьд компанийн санхүүгийн үр дүн юм.

2026 оны 7 дугаар сарын 27-нд Монголын Хөрөнгийн Бирж 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны гүйцэтгэлээ олон нийтэд танилцууллаа. Тэгвэл энэ хугацаанд Монголын хөрөнгийн зах зээл ямар дүр зурагтай байсныг хамтдаа харцгаая.

Нийт арилжаа: 6.73 их наяд

Эхний хагас жилд нийт 6.73 их наяд төгрөгийн арилжаа хийгдсэн бөгөөд өдрийн дундаж арилжаа ойролцоогоор 54.6 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Нийт арилжааны 87.7%-ийг уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа буюу 5.9 их наяд төгрөг бүрдүүлжээ. Үүний дотор нүүрс давамгайлсан бөгөөд нүүрсний арилжаа 687%-иар огцом өссөн нь нийт арилжааны өсөлтийн гол хөдөлгүүр болов.

Нүүрсний арилжааны хэмжээ 2.34 сая тонноос 14.6 сая тонн болж, 6 дахин нэмэгджээ. Зэсийн арилжаа мөн 193.6%-иар өсөж, 20,000 тонноос 40,000 тонн болсон нь эерэг үзүүлэлт болсон байна. Харин жоншны хүдрийн арилжаа бүрэн зогсжээ.

Үнэт цаасны арилжааны хувьд хувьцааны арилжаа 144.17 тэрбум төгрөг, компанийн болон орон нутгийн бондын арилжаа 474.73 тэрбум төгрөг, Засгийн газрын үнэт цаасны арилжаа 137.82 тэрбум төгрөгт хүрсэн байна. Анхдагч зах зээлийн бондын арилжаа 1378%-иар өссөн нь оны эхний хагаст шинэ үнэт цаасны гаргалт эрчимтэй нэмэгдсэнийг харуулж байна.

МХБ-ийн өөрийн санхүүгийн үр дүн

Зах зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн хувьд MXБ нь шимтгэл, хүүний орлогоос нийт орлогоо бүрдүүлдэг.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсанаар МХБ-ийн өсөлтийн суурь эрс өөрчлөгдсөн. Энэ өөрчлөлт нь “Бостон Консалтинг Групп”-ийн матрицын ойлголтоор авч үзвэл МХБ-ийг өндөр өсөлттэй зах зээлийн “Од” тоглогчдын нэг болгосон гэж дүгнэж болно.

Тухайлбал, сүүлийн 3 жилийн хугацаанд МХБ-ийн нийт хөрөнгө 54 дахин, арилжаа болон хүүний орлого 11 дахин, цэвэр ашиг 35 дахин өссөн нь бизнесийн загвар хурдтай тэлж буйг харуулж байна.

2026 эхний хагас жилийн санхүүгийн үзүүлэлт (сая ₮):

Нийт орлого 30.8 тэрбум төгрөг болж, цэвэр ашиг 22.99 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараг 2 дахин өссөн үзүүлэлт юм. EPS ₮65.59 болсон нь одоогийн ₮368 орчим ханшийн түвшинд trailing P/E ердөө 3.01x байна.

Хувьцааны ханш ба хөрөнгө оруулалтын үзүүлэлт

2026 оны эхнээс МХБ-ийн хувьцааны ханш ₮316-гаас эхлэн тогтмол чиглэлтэй өсөж, 2026 оны 6-р сарын 30-нд ₮368.29-т хаагджээ. Энэ дүнг өмнөх оны мөн үеийн ₮265.48-тай харьцуулбал 38.73% өссөн байна.

 

(P/E, ROE, ROA-г сүүлийн 12 сарын үзүүлэлтийг ашиглан тооцсон)

IPO хийх үеийн үнэт цаасны танилцуулгатай харьцуулахад компанийн санхүүгийн суурь үзүүлэлтүүд 2025 он хүртэл мэдэгдэхүйц сайжирсан. Харин хувьцааны ханшийн хувьд анхдагч зах зээлд санал болгосон үнээс 3.6 дахин өссөн нь бусад компаниудтай харьцуулахад сайн үзүүлэлт боловч тайлангийн суурь үзүүлэлтүүдийн өсөлтийн хурдыг бүрэн гүйцэхгүй байна.

Цаашид юу төлөвлөж байна вэ?: Стратегийн шинэ санаачилгууд

МХБ 2026 оны эхний хагас жилд зөвхөн одоогийн бизнесээ удирдаад зогсохгүй, ирээдүйн өсөлтийн суурийг тавих хэд хэдэн чухал алхам хийв:

Хөрвөх чадварын хөтөлбөр: Зах зээл үүсгэгчийн системийг хөгжүүлснээр авах-зарах үнийн зөрүү буюу spread 1.02%-аас 0.56% болж буурсан нь хувьцааны хөрвөх чадвар мэдэгдэхүйц сайжирсныг харуулж байна.

ETF бүтээгдэхүүнүүд: АНУ-ын технологийн компаниудад суурилсан “Фьючер тек инновэйшн ETF”-ийг 2026 оны 3-р улиралд, ТОП-20 индексийн ETF болон бондын индексийн ETF-ийг 2026 оны 4-р улиралд бүртгэн, 2027 оны 1-р улиралд арилжаалахаар төлөвлөж байгаа байна.

Шорт арилжаа: Шорт арилжааны дүрмийн төслийг боловсруулж, ТУЗ-д 8-р сард батлуулахаар зорьж буй нь зах зээлийн боловсрол, гүнзгийрэлтийг нэмэгдүүлэх нэг чухал алхам юм.

Олон улсын хамтын ажиллагаа: Люксембургийн ногоон биржтэй ногоон санхүүжилт, давхар бүртгэлийн боломж судлах, мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хувьцааны бүртгэлийн бэлтгэл ажлыг хамтран хийхээр санамж бичиг байгуулсан нь ирээдүйн томоохон бүртгэлийн суурь тавигдаж буйг илтгэнэ.

Open.mse.mn: Бүртгэлтэй компаниудын санхүүгийн мэдээллийн нэгдсэн нээлттэй платформ нэвтрүүлсэн нь зах зээлийн ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой дэвшил юм.

Дүгнэж хэлбэл, 2026 оны эхний хагас жил МХБ-ийн хувьд санхүүгийн үр ашиг, зах зээлийн идэвхжил, стратегийн хөгжлийн гурван чиглэлд зэрэг ахиц гарсан үе байлаа. Өнөөдрийн өсөлт нь уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар дэмжигдэж байгаа ч ETF, шорт арилжаа, олон улсын хамтын ажиллагаа зэрэг шинэ санаачилгууд амжилттай хэрэгжвэл МХБ-ийн өсөлт илүү төрөлжиж, Монголын хөрөнгийн зах зээл дараагийн шатандаа гарах боломж улам нэмэгдэхээр байна.

Эх сурвалж: "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн 2026 оны эхний хагас жилийн Earnings Call тайлан (2026.07.27), Санхүүгийн байдлын тайлан, Орлогын дэлгэрэнгүй тайлан. Энэхүү нийтлэл нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш болно. Голомт Капитал ҮЦК.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.