Хиймэл оюун ухаан эрчим хүчний үнэд дарамт болж байна
АНУ-д хиймэл оюун ухааны хөгжил эрчимжихийн хэрээр томоохон AI дата төвүүдийн цахилгаан, усны өндөр хэрэглээ олон нийтийн анхаарлын төвд орж байна. Улмаар дата төвүүд өрхийн цахилгааны төлбөрийг нэмэгдүүлж, орон нутгийн дэд бүтцэд дарамт учруулж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж, АНУ-ын дунд хугацааны сонгуулийн чухал сэдвүүдийн нэг болжээ.
Тухайлбал, Охайо мужид төлөвлөж буй 10 гигаваттын дата төвийн цогцолборын цахилгаан хэрэглээ 8 сая орчим америк өрхийн жилийн хэрэглээтэй тэнцэхээр байна. Ийм хэмжээний төслүүд нэмэгдэхийн хэрээр иргэд цахилгаан, ус болон дэд бүтцийн зардлыг өөрсдөө үүрэхээс болгоомжилж байна.
Үүний хариуд Пенсильвани, Техас зэрэг мужууд дата төвүүдэд шаардлагатай шинэ цахилгаан болон бусад дэд бүтцийн зардлыг хөгжүүлэгч компаниудаар өөрсдөөр нь төлүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Харин Нью-Йорк том хэмжээний шинэ дата төвүүдийн бүтээн байгуулалтыг нэг жилийн хугацаанд түр зогсоож, шинэ зохицуулалт боловсруулахаар болсон байна.
Нөгөө талд Microsoft, OpenAI зэрэг технологийн компаниуд дата төвүүд орон нутгийн эдийн засагт хөрөнгө оруулалт, ажлын байр, татварын орлого бий болгоно гэж онцолж, эрчим хүч болон усны хэрэглээнээс үүсэх дарамтыг бууруулахаа амлаж байна.
Ийнхүү AI салбарын хурдацтай өсөлт ба түүнийг дэмжих асар их эрчим хүчний хэрэгцээ АНУ-д технологийн төдийгүй эдийн засаг, улс төрийн томоохон асуудал болон хувирч байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
