Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Хөрөнгө оруулагч үнэт цаас гаргагчаас ямар мэдээллийг үнэ төлбөргүй авах эрхтэй вэ?

Хөрөнгө оруулагч үнэт цаас гаргагчаас ямар мэдээллийг үнэ төлбөргүй авах эрхтэй вэ?

Хөрөнгө оруулагч үнэт цаас гаргагчаас ямар мэдээллийг үнэ төлбөргүй авах эрхтэй вэ?

Үнэт цаасны зах зээл нь мэдээлэлд суурилсан зах зээл юм. Хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа үнэт цаас гаргагчийн санхүүгийн байдал, үйл ажиллагаа, засаглал болон үнэт цаастай холбоотой бусад мэдээлэлд үндэслэдэг.

Иймээс үнэт цаас гаргагчид хууль тогтоомжид заасан мэдээллийн ил тод байдлыг хангаж, тодорхой мэдээллийг тогтмол, улирал, хагас жил, жилийн эцэст болон тухай бүр нийтэд мэдээлэх үүрэгтэй. Өнөөдөр эдгээр мэдээллийн тодорхой хэсэг нь үнэт цаас гаргагчийн вэб хуудас, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага болон бусад мэдээллийн сувгаар дамжин нийтэд хүрдэг.

Тэгвэл хөрөнгө оруулагч нь нийтэд аль хэдийн мэдээлэгдсэн мэдээллээс гадна үнэт цаас гаргагчаас тодорхой мэдээлэл шаардах эрхтэй юу? Гэсэн асуулт урган гарч байна.

Тэгвэл хууль тогтоомжид хөрөнгө оруулагч болон сонирхсон этгээд нь тодорхой мэдээллийг үнэт цаас гаргагчаас үнэ төлбөргүй авах эрхийг олгосон байдаг. Тиймээс үнэт цаас гаргагч нь хуульд заасан мэдээллийг үндэслэлгүйгээр өгөхөөс татгалзах эрхгүй юм.

ЯМАР МЭДЭЭЛЛИЙГ АВАХ ЭРХТЭЙ ВЭ?

1.Үнэт цаасны танилцуулгад туссан мэдээлэл

  • Хөрөнгө оруулагч нь тухайн үнэт цаасны танилцуулгад туссан мэдээлэлтэй танилцах, шаардлагатай тохиолдолд уг мэдээллийг авах боломжтой.
  • Үүнд үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаа, санхүүгийн байдал, үнэт цаасны нөхцөл, эрсдэл болон хөрөнгө оруулалтын шийдвэрт ач холбогдол бүхий бусад мэдээлэл хамаарна.

2.Үнэт цаас гаргагчийн дотоод баримт бичиг

  • Үнэт цаас гаргагчийн дүрэм, журамд заасан бөгөөд үнэт цаас гаргах, эзэмших, арилжихтай холбоотой мэдээлэл мөн хамаарна.
  • Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчийн эрх, үүрэг болон үнэт цаастай холбоотой харилцааг зохицуулж байгаа холбогдох дотоод баримт бичигтэй танилцах шаардлага гарч болно.

3.Санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан

4.Хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас тогтоосон бусад мэдээлэл

  • Хөрөнгө оруулагч нь үнэт цаас гаргагчийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлантай танилцах эрхтэй.
  • Энэ нь хөрөнгө оруулагчид компанийн санхүүгийн үзүүлэлт, үйл ажиллагааны үр дүн, цаашдын нөхцөл байдлыг үнэлэхэд чухал ач холбогдолтой.
  • Санхүүгийн зохицуулах хороо, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага болон бусад эрх бүхий байгууллагаас нийтэд мэдээлэхээр тогтоосон мэдээлэл, түүнчлэн үнэт цаас гаргагч өөрийн дүрэм, журмаар нийтэд мэдээлэхээр тусгасан мэдээлэл мөн хамаарна.

“БАЙГУУЛЛАГЫН НУУЦ” ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР ТАТГАЛЗАЖ БОЛОХ УУ?

Хөрөнгө оруулагч үнэт цаас гаргагчаас мэдээлэл авах хүсэлт гаргахад “байгууллагын нууц”, “дотоод мэдээлэл” гэх үндэслэлээр мэдээлэл өгөхөөс татгалзах тохиолдол байдаг. Гэхдээ хуульд заасан мэдээллийг өгөх үүргээ зөвхөн “нууц” гэсэн ерөнхий үндэслэлээр үгүйсгэх боломжгүй.

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль нь хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, зах зээлийн ил тод байдлыг хангахыг үндсэн зорилгын нэг болгосон байдаг.

Тиймээс мэдээлэл үнэхээр хуульд заасан нууцад хамаарах эсэх, эсхүл тухайн мэдээллийг хөрөнгө оруулагчид өгөх үүрэг үнэт цаас гаргагчид байгаа эсэхийг тус бүрд нь авч үзэх шаардлагатай.

ҮНЭТ ЦААС ГАРГАГЧ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗВАЛ ЯАХ ВЭ?

Хуульд заасан мэдээллийг үнэ төлбөргүй авах эрхийг хэрэгжүүлэхэд үнэт цаас гаргагч үндэслэлгүйгээр татгалзсан тохиолдолд хөрөнгө оруулагч өөрийн эрхийг хамгаалуулах боломжтой.

Тухайн зөрчлийн шинж, холбогдох зохицуулалтаас хамааран зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирол, нөхөн төлбөрийг шаардах, мөн Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх асуудал яригдана.

Мөн Зөрчлийн тухай хуульд зааснаар мэдээлэл авах эрхийг эдлүүлээгүй нөхцөлд хүнийг 500-2,000 нэгж, хуулийн этгээдийг 5,000-20,000 нэгжээр торгохоор заасан тул энэ төрлийн асуудал үүссэн нөхцөлд Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээн тогтоолгох, эрх зөрчиж буй этгээдэд зохих шийтгэлийг оногдуулах боломжтой юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ЮУГ АНХААРАХ ВЭ?

Хөрөнгө оруулагч мэдээлэл авах хүсэлтийг гаргахдаа:

  • ямар мэдээлэл шаардлагатай байгаа;
  • тухайн мэдээлэл ямар хугацаанд хамаарах;
  • ямар хууль зүйн үндэслэлээр уг мэдээллийг шаардаж байгаа (ҮЦЗЗТХ-ийн 55.1.1-55.1.4);
  • мэдээллийг ямар хэлбэрээр авах хүсэлтэй байгаа зэргийг тодорхой тусгах нь зүйтэй.

Хэрэв үнэт цаас гаргагч мэдээлэл өгөхөөс татгалзвал татгалзсан үндэслэлээ бичгээр авах нь цаашид эрхээ хамгаалуулах, Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад ач холбогдолтой.

ДҮГНЭЛТ

Үнэт цаасны зах зээлд мэдээлэл бол хөрөнгө оруулагчийн шийдвэр гаргах үндсэн хэрэгсэл юм.

Тиймээс хөрөнгө оруулагч нь зөвхөн бирж, арилжаа эрхлэх байгууллагаар дамжин нийтэд мэдээлэгдсэн мэдээллээр хязгаарлагдахгүй бөгөөд хууль тогтоомжид заасан хүрээнд үнэт цаас гаргагчаас шаардлагатай мэдээллийг үнэ төлбөргүй авах эрхтэй.

Харин үнэт цаас гаргагчийн хувьд хөрөнгө оруулагчийн мэдээлэл авах хүсэлт бүрийг “байгууллагын нууц” гэх ерөнхий үндэслэлээр татгалзах бус, тухайн мэдээлэл хуульд заасан нууцад хамаарах эсэх, мэдээллийг өгөх хууль зүйн үүрэг байгаа эсэхийг тухай бүр үндэслэлтэйгээр тодорхойлох шаардлагатай.

Мэдээллийн ил тод байдал нь хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалахаас гадна үнэт цаас гаргагчийн зах зээл дэх итгэлцэл, засаглалын чанарыг тодорхойлох чухал хүчин зүйл юм.

Хуулийн үндэслэл:

ҮЦЗЗТХуулиас:

11.4.Үнэт цаас гаргагч нь үнэт цаасаа нийтэд санал болгохдоо тухайн үнэт цаасны танилцуулгатай сонирхогч этгээд үнэ төлбөргүй танилцах боломжийг бүрдүүлнэ.

55.1.Үнэт цаасны анхдагч зах зээлд үнэт цаас гаргагч нь дор дурдсан мэдээллийг үнэ төлбөргүйгээр сонирхсон этгээдэд өгөх үүрэгтэй:

55.1.1.үнэт цаасны танилцуулгад туссан мэдээлэл;

55.1.2.үнэт цаас гаргагчийн дүрэм, журамд заасан үнэт цаас гаргах, үнэт цаасыг арилжих журам;

55.1.3.санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан;

55.1.4.Хороо, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага болон бусад эрх бүхий байгууллагаас тогтоосон болон үнэт цаас гаргагчийн дүрэм, журамд нийтэд мэдээлэхээр тусгасан мэдээлэл.

Зөрчлийн тухай хуулиас:

11.10 дугаар зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хууль зөрчих

11.Үнэт цаасны анхдагч зах зээлд үнэт цаас гаргагч нь үнэ төлбөргүйгээр сонирхсон этгээдэд мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.Үнэт цаасны зэх зээлийн оролцогч, зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэгч, аудитор:

15.1.үнэт цаасны анхдагч зах зээлд үнэт цаас гаргагч нь хуульд заасан мэдээллийг үнэ төлбөргүйгээр сонирхсон этгээдэд өгөх үүргээ биелүүлээгүй;

.... хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.