Дэлхийн мөнгөний захын сангууд руу чиглэсэн хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдсээр
Дэлхийн хэмжээнд мөнгөний захын сангууд (Money Market Funds) руу чиглэсэн хөрөнгийн урсгал огцом нэмэгдэж, 2026 оны 10-р сарын 7-ноор дууссан долоо хоногт 166.4 тэрбум ам.долларын цэвэр хөрөнгө татсан нь 2020 оны 4-р сараас хойших хамгийн өндөр долоо хоногийн үзүүлэлт боллоо.
Үүнээс АНУ-ын мөнгөний захын сангууд дангаараа 72.3 тэрбум ам.долларын хөрөнгө татсанаар нийт удирдаж буй хөрөнгийн хэмжээ түүхэн дээд түвшин буюу 8.0 их наяд ам.долларт хүрчээ.
Үүний зэрэгцээ дэлхийн бондын сангууд мөн хугацаанд 33.8 тэрбум ам.долларын хөрөнгө татсан бөгөөд үүнээс 16.2 тэрбум ам.доллар нь АНУ-ын Засгийн газрын үнэт цаасанд хөрөнгө оруулдаг сангууд руу чиглэжээ. Одоогоор мөнгөний захын сангуудад төвлөрсөн хөрөнгө нь ирээдүйд хувьцааны зах зээлийн эрэлтийг дэмжих боломжит эх үүсвэр болох магадлалтай. Гэхдээ бодит нөлөө нь хүүгийн түвшин, хөрөнгө оруулагчдын хүлээлт болон хөрөнгийн шилжилтээс хамаарна.
Хөрөнгийн урсгал ийнхүү нэмэгдэхэд зах зээлийн хүүгийн өсөлт голлон нөлөөлж байна. Өндөр хүүгийн орчинд богино хугацаат Засгийн газрын үнэт цаас болон мөнгөний захын сангуудын өгөөж нэмэгдэж, хөрөнгө оруулагчид хувьцаа зэрэг эрсдэл өндөртэй хөрөнгөөс илүүтэй хөрөнгөө хамгаалах, тогтвортой өгөөж хүртэх боломжийг эрэлхийлж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
