Хятадын CXMT компани санах ойн чипийн томоохон өрсөлдөгчдийн нэг боллоо.
Хятадын санах ойн чип үйлдвэрлэгч ChangXin Memory Technologies (CXMT) компанийн хувьцааны ханш 10-р сарын 19-ний өдөр 6.5%-иар буурлаа. Тус компани 2026 оны эхний есөн сарын санхүүгийн үзүүлэлт огцом сайжирч, алдагдлаас ашигтай ажиллах төлөвтэй байгаагаа зарласан ч хөрөнгө оруулагчдын хүлээлтийг хангаж чадсангүй.
Компанийн мэдээлснээр, 2026 оны эхний есөн сарын цэвэр ашиг 131–132.5 тэрбум юань (ойролцоогоор 19.6 тэрбум ам.доллар) хүрсэн байна. Харин өнгөрсөн оны мөн үед 5.28 тэрбум юанийн алдагдалтай ажиллаж байжээ. Мөн борлуулалтын орлого 265–270 тэрбум юаньд хүрэхээр тооцоолжээ.
Ашигт ажиллагаа ийнхүү огцом сайжирсан гол шалтгаан нь хиймэл оюуны тооцооллын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой. Үүний нөлөөгөөр дэлхийн DRAM буюу шуурхай санах ойн чипийн эрэлт өсөж, нийлүүлэлтийн хомсдол үүссэнээр үнэ мэдэгдэхүйц нэмэгджээ.
Түүнчлэн CXMT-ийн дэлхийн DRAM зах зээлийн орлогод эзлэх хувь 2025 оны III улиралд 5% байсан бол 2026 оны III улиралд 10% болж хоёр дахин өссөн байна. Ингэснээр тус компани Samsung Electronics, SK Hynix болон Micron Technology зэрэг салбарын тэргүүлэгчдийн өрсөлдөгч болж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
