Голомт банкны нийт актив 19.6 их наяд төгрөгт хүрч, 25.8%-аар өслөө
Голомт банк ХК-ийн 2026 оны 3-р улирлын санхүүгийн үзүүлэлтүүд өсөлттэй гарч, нийт актив, зээлийн багц, харилцагчийн эх үүсвэр болон өөрийн хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс нэмэгдлээ.
Тайлант хугацаанд банкны нийт актив өмнөх оны мөн үеэс 4 их наяд төгрөг буюу 25.8%-аар өсөж, 19.6 их наяд төгрөгт хүрсэн байна. Харин нийт зээлийн багц 10.9%-аар нэмэгдэж, 8.7 их наяд төгрөгт хүрсний 54%-ийг байгууллагын зээл, 46%-ийг иргэдийн зээл бүрдүүлжээ. Мөн чанаргүй зээлийн харьцаа 2.7%-тай байгаа нь зээлийн багцын чанарыг илэрхийлэх гол үзүүлэлт болж байна.
Банкны санхүүжилтийн эх үүсвэр ч мөн тэлж, харилцагчийн эх үүсвэр өмнөх оны мөн үеэс 18.4%-аар өсөж, 10.7 их наяд төгрөгт хүрэв. Түүнчлэн хөрөнгө оруулалтын багц 78.6%-аар нэмэгдэж, 2.7 их наяд төгрөг болсон бол нийт өөрийн хөрөнгө 24.5%-аар өсөж, 1.8 их наяд төгрөгт хүрсэн байна.
Ашигт ажиллагааны хувьд банкны татварын дараах цэвэр ашиг 227.8 тэрбум төгрөгт хүрч, жилээр илэрхийлсэн дундаж өөрийн хөрөнгийн өгөөж 18.1%-тай гарчээ.
Харин банкны салбарыг тэр чигээр нь авч үзвэл, 2026 оны 8-р сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 24.7%-аар өсөж, 54.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж, харилцах дансны үлдэгдэл нэмэгдсэнээс гадна гадаад цэвэр актив хоёр дахин өсөж, 13.6 их наяд төгрөгт хүрсэн нь голлон нөлөөлжээ. Мөн банкны салбарын нийт зээлийн үлдэгдэл жилийн 14.3%-ийн өсөлттэй гарч, 48.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Зээлийн өсөлтийг бизнесийн зээл голлон дэмжиж, 17.8%-аар нэмэгдсэн бол хэрэглээний зээлийн өсөлт 4.7% болж саарчээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
