Meta-ийн орлого түүхэн дээд түвшинд хүрлээ
Meta Platforms 2026 оны III улирлын санхүүгийн тайлангаа танилцуулж, орлого нь өмнөх оны мөн үеэс 26%-иар өсөж, $64.6 тэрбумд хүрсэн нь зах зээлийн хүлээлтийг давлаа. Компанийн үндсэн бизнес болох зар сурталчилгааны орлого мөн 26%-иар өсөж, $63.1 тэрбумд хүрсэн нь хиймэл оюун ухаанд оруулсан хөрөнгө оруулалт бодит үр дүнгээ өгч эхэлснийг харуулж байна.
Орлогын өсөлтөд AI-д суурилсан контент санал болгох систем болон зар сурталчилгааны оновчлол голлон нөлөөлсөн байна. Тухайлбал, Facebook, Instagram зэрэг платформ дээр хэрэглэгчдэд харуулсан зар сурталчилгааны тоо 10%-иар нэмэгдсэн бол нэг зарын дундаж үнэ 14%-иар өсжээ. Өөрөөр хэлбэл, Meta илүү олон зар сурталчилгаа харуулахын зэрэгцээ зар бүрээс олох орлогоо нэмэгдүүлж чадсан нь AI-ийн хөрөнгө оруулалт үндсэн бизнесийн ашигт ажиллагааг дэмжиж байгааг илтгэж байна.
Гэвч орлого хүчтэй өссөн ч цэвэр ашигт нэг удаагийн томоохон зардал нөлөөлжээ. Meta-ийн III улирлын цэвэр ашиг $9.86 тэрбумд хүрсэн нь зах зээлийн хүлээлтээс доогуур гарсан бөгөөд үүнд өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэнд, сошиал медиатай холбоотой шүүхийн маргааныг шийдвэрлэх $9.89 тэрбумын зардал голлон нөлөөлсөн байна. Энэхүү зардлыг хасаж тооцвол компанийн үйл ажиллагааны ашиг $22.88 тэрбум, нэгж хувьцаанд ногдох ашиг $7.40 хүрэх байжээ. Энэ нь тайланд туссан ашгийн бууралтын томоохон хэсэг үндсэн бизнесийн сулралаас бус, хууль эрх зүйн зардлаас шалтгаалсныг харуулж байна.
Үүний зэрэгцээ Meta хиймэл оюун ухааны дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалтаа улам эрчимжүүлж байна. Тус компани 2026 оны нийт хөрөнгө оруулалтын зардлын төсөөллөө $135-145 тэрбум болгон шинэчилсэн бөгөөд зөвхөн III улиралд $34.91 тэрбум зарцуулжээ. Дата төв, AI чип болон тооцоолох хүчин чадалд чиглэсэн энэхүү өндөр зардлын улмаас компанийн чөлөөт мөнгөн урсгал анх удаа сөрөг түвшинд хүрсэн байна. Гэхдээ компанийн удирдлага AI-ийн хөрөнгө оруулалтаа 2027 онд ч эрчимтэй үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаагаа илэрхийлжээ.
Их хэмжээний хөрөнгө оруулалтаа санхүүжүүлэхийн тулд Meta саналын эрхгүй Class C ангиллын шинэ хувьцаа гаргах төлөвлөгөөгөө мөн танилцууллаа. Уг зохицуулалтын хүрээнд одоогийн Class A болон Class B хувьцаа эзэмшигчид эзэмшиж буй нэг хувьцаа тутамдаа нэг Class C хувьцаа нэмж авах бөгөөд 2027 оны нэгдүгээр сарын 19-нөөс хэрэгжиж эхлэхээр төлөвлөжээ. Ингэснээр хувьцааны тоо хоёр дахин нэмэгдэж, нэгж хувьцааны зах зээлийн үнэ ойролцоогоор хоёр дахин тохируулагдах боловч хөрөнгө оруулагчдын нийт эзэмшлийн үнэ цэн болон саналын эрх өөрчлөгдөхгүй. Харин цаашид саналын эрхгүй хувьцаагаар нэмэлт санхүүжилт татах боломж бүрдэж, Марк Зукербергийн компанид эзэмших саналын эрхийн хяналтыг хадгалах давуу талтай юм.
Цаашдын төлөвийн хувьд Meta IV улирлын орлогоо $73-76 тэрбумд хүрнэ гэж таамаглаж байгаа нь үндсэн зар сурталчилгааны бизнесийн өсөлт үргэлжлэх хүлээлтийг илэрхийлж байна. Ийнхүү компанийн AI-д оруулсан хөрөнгө оруулалт орлогын өсөлтийг дэмжиж эхэлсэн ч асар өндөр хөрөнгө оруулалтын зардал, сөрөг чөлөөт мөнгөн урсгал болон хууль эрх зүйн эрсдэл нь хөрөнгө оруулагчдын анхаарах гол хүчин зүйл хэвээр байна. Тиймээс Meta-ийн цаашдын үнэлгээнд AI-ийн хөрөнгө оруулалт бодит орлого, ашиг болон мөнгөн урсгал болж хувирах хурд чухал нөлөө үзүүлэхээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
