Хятадын автомашины өрсөлдөөн Tesla-г бизнесээ өөрчлөхөд хүргэж байна уу?
Tesla 2026 оны III улирлын санхүүгийн тайлангаа танилцуулж, $28.05 тэрбумын орлого, $0.48-ын нэгж хувьцаанд ногдох ашиг тайлагнасан нь зах зээлийн хүлээлтийг давлаа. Гэвч компанийн үндсэн автомашины бизнесийн орлого буурч, ашигт ажиллагаа суларсантай холбоотойгоор тайлангийн дараах арилжаагаар хувьцааны ханш унажээ.
Автомашины бизнесийн орлого өмнөх оны мөн үеэс 3%-иар буурч, $20.56 тэрбумд хүрсэн нь борлуулалтын дундаж үнэ буурсан болон батарейн нийлүүлэлтийн хүндрэлтэй холбоотой байв. Үүний зэрэгцээ BYD, Xiaomi зэрэг Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн эрчимжиж байгаа нь Tesla-ийн борлуулалтад нэмэлт дарамт учруулж байна. Харин үйлчилгээ болон бусад бизнесийн орлого 33%-иар өссөн нь үндсэн бизнесийн сул үзүүлэлтийг тодорхой хэмжээнд нөхжээ.
Ашигт ажиллагааны хувьд цэвэр ашиг 29%-иар буурч, $787 саяд хүрсэн бол хөрөнгө оруулалтын зардал хоёр дахин нэмэгдэж, $3.73 тэрбум болсон байна. Tesla автомат жолоодлого, Optimus хүн дүрст робот болон AI-ийн дэд бүтцэд хөрөнгө оруулалтаа эрчимжүүлж байгаа нь богино хугацаанд ашиг болон мөнгөн урсгалд дарамт учруулж байгаа юм.
Гэсэн хэдий ч Tesla-ийн ирээдүйн өсөлтийн гол боломж нь автомат жолоодлогын систем, жолоочгүй таксины үйлчилгээ болон хүн дүрст ухаалаг роботын хөгжүүлэлтэд төвлөрч байна. Тус компанийн автомат жолоодлогын системийн төлбөртэй хэрэглэгчдийн тоо эрчимтэй өсөж байгаа бөгөөд 2027 оноос жолоочгүй таксины үйлчилгээ орлогод нь бодит хувь нэмэр оруулж эхэлнэ гэж Илон Маск үзэж байна. Мөн Tesla болон SpaceX компаниуд нэгдэх боломжийг хэлэлцэж байгаа ч албан ёсны шийдвэр хараахан гараагүй юм.
Ийнхүү Tesla-ийн үндсэн автомашины бизнесийн өсөлт саарч байгаа ч компани AI болон робот технологид суурилсан бизнес рүү шилжих стратегиа эрчимжүүлж байна. Цаашид эдгээр шинэ технологийг бодит орлого, ашиг болгон хувиргах чадвар нь Tesla-ийн урт хугацааны өсөлт болон хувьцааны үнэлгээнд голлох нөлөө үзүүлэхээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
