Газрын тосны үнийн өсөлт алтны ханшийг унагаж байна
Олон улсын зах зээлд газрын тосны үнэ огцом өсөж, инфляцын дарамт нэмэгдэх болгоомжлол үүссэнээр алтны ханш сүүлийн гурван сарын доод түвшинд хүрч буурлаа.
Алтны ханш буурахад газрын тосны үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Йемений Хусит бүлэглэл Саудын Арабт халдлага үйлдсэнээр Ойрх Дорнодын газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдэж, Brent газрын тосны үнэ баррель нь 114 ам.долларт хүрч, сүүлийн таван сарын дээд түвшинд хүрсэн байна.
Газрын тосны үнэ өсөх нь тээвэр, үйлдвэрлэл болон бусад бараа, үйлчилгээний зардлыг нэмэгдүүлж, улмаар инфляцыг дахин эрчимжүүлэх эрсдэлтэй. Ийм нөхцөлд төв банкууд инфляцыг хязгаарлахын тулд бодлогын хүүгээ өндөр түвшинд удаан хадгалах, цаашлаад нэмэгдүүлэх шаардлагатай болж болзошгүй юм.
Хэдийгээр алт нь инфляцаас хамгаалах хөрөнгөд тооцогддог ч бодлогын хүү өндөр байх нь алтны хөрөнгө оруулалтын өгөөжийг харьцангуй бууруулдаг. Учир нь алт өөрөө хүүгийн орлого өгдөггүй бол өндөр хүүтэй орчинд бонд болон бусад тогтмол өгөөжтэй хөрөнгө оруулалтын сонирхол нэмэгддэг. Үүний улмаас хөрөнгө оруулагчид алтнаас хөрөнгөө татах хандлага бий болж, ханшид буурах дарамт үзүүлж байна.
Ийнхүү газрын тосны үнийн өсөлтөөс үүдэлтэй инфляцын эрсдэл нь хүүгийн түвшин өндөр хэвээр байх хүлээлтийг нэмэгдүүлж, алт болон бусад үнэт металлын ханшид богино хугацааны дарамт учруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
