Nvidia Corp.-ийн хувьцааны ханш бирж хаагдсаны дараах арилжаагаар 4.56 хувиар уналаа
Өчигдөр хагас дамжуулагчийн салбарын аваргуудын нэг Nvidia Corp. /NVDA.NASDAQ/ компани ээлжит улирлын тайлангаа танилцууллаа. Тайлангийн үзүүлэлтүүд мөн дараачийн улирлын төсөв төлөвлөгөө шинжээчдийн таамаглалыг эвдэж чадаагүйтэй холбоотой хувьцааны ханш бирж хаагдсаны дараах арилжаагаар 4.56 хувиар унасан байна.
Тайлант улиралд Nvidia компанийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс гурван хувиар өсөж 6.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь шинжээчдийн хүлээлт болох 6.83 тэрбум ам.долларт хүрээгүйн улмаас хувьцааны ханш ийнхүү унаад байна. Мөн шинжээчид нэгж хувьцаанд ногдох цэвэр ашгийг 0.52 ам.доллар гарна гэж таамаглаж байсан боловч тайлангийн үзүүлэлтээр 0.51 ам.доллар гарсан байна.
Компанийн удирдлагууд гуравдугаар улиралд орлогоо 5.9 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн улирлаас 0.8 тэрбум ам.доллароор багаар төсөөлсөн байна. Харин шинжээчид дараачийн улиралд 6.92 тэрбум ам.долларын орлоготой ажиллана гэсэн хүлээлттэй байсан бөгөөд ирэх улирлын борлуулалтын орлогын төсөөлөл шинжээчдийн таамаглалыг мөн адил давж чадсангүй.
Nvidia компанийн гүйцэтгэх захирал Jensen Huang-ийн хэлж буйгаар макро эдийн засгийн орчноос үүдэлтэй нийлүүлэлтийн саатал нь борлуулалтын орлогод сөргөөр нөлөөлсөн бөгөөд тухайн асуудлыг даван гарах болно хэмээн тайландаа дурджээ.
Тайлант улиралд Nvidia компани нэгж хувьцаанд 0.04 ам.долларын ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн бөгөөд есдүгээр сарын 29-ний өдөр ногдол ашиг тараах юм байна.
Nvidia компанийн хувьцааны ханш Ковидын дараах сэргэлтийн үед буюу 660 хувь хүртэлх өсөлт үзүүлсэн бол он гарснаас хойш хувьцааны ханш 43 хувиар унаад байгаа билээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй