Тесла компанийн хувьцаа 5.5 хувь өслөө
Tesla (NASDAQ:TSLA)-ийн гүйцэтгэх захирал Илон Маск 25,000 ам.долларын үнэтэй бүрэн цахилгаан автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ.
Хямд үнэтэй автомашин үйлдвэрлэх нь Маскийн "Мастер төлөвлөгөөний 3 дугаар шат" юм. Тесла алсдаа масс зах зээлд гол тоглогчдын нэг болохоор зорьж буй бөгөөд 2030 он гэхэд автомашины борлуулалтаа 20 саяд хүргэж 15 дахин нэмэгдүүлэхээр зорьж буй.
"Маскийг ойлгох томъёо их амархан. Тэр ямар ч цаг хугацаа амласан хоёр дахин үржүүлэх хэрэгтэй" гэж Deepwater Asset Management-ийн Gene Munster хэлжээ. Модел 2 гэж нэрлэж буй уг хямд атомашиныг зах зээлд гаргахад дутуу байгаа зүйл нь хямд баттерей юм.
Guidehouse Insights-ийн шинжээч Sam Abuelsamid-ийн үзэж буйгаар Тесла Хятадын зах зээлд зориулсан богино зайд зорчих боломжтой, хямд машин зохион бүтээж магадгүй аж. Учир нь өөрийн баттерейн хөгжүүлэлт нь удаашралтай байгаа тул америкчуудад таалагдах хол зайг туулах чадамжтай хэрнээ боломжийн үнэтэй машин бүтээхэд нэлээд хугацаа шаардлагатай гэлээ.
Тесла компанийн хувьцааны ханш даваа гарагийн арилжаагаар 5.5 хувь өсөж 207.63 ам.долларт хүржээ. Үүнд нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл нь тус компани Мексикт хөрөнгө оруулалт хийх хэлэлцээрээ зарлахад ойрхон байгаа тухай Мексикийн Ерөнхийлөгч мэдэгдсэн явдал юм.
Даваа гарагт Мексикийн Ерөнхийлөгч Lopez Obrador Тесла компанийн эзэмшигчтэй утсаар холбогдож Мексикт урьсан байна. Эзэмшигч гэдэг нь Илон Маскийг хэлж буйг албаны эх сурвалжууд нотолсон бөгөөд хоёр талын тохиролцоо 90 хувьтай байгаа гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй