АНУ-ын эдийн засаг хямрах уу? Эсвэл?
АНУ-ын эдийн засагт тодорхой ан цавууд үүсэж байгаа ч тэдгээр нь хараахан түгшүүр төрүүлэхүйц биш байна. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчид мэдээлэлтэй, уян хатан байх хэрэгтэй.
Товчлол:
Холимог үзүүлэлтүүд: АНУ-ын эдийн засгийн голлох индикаторууд олон янзын дохио өгч, зөөлөн буулт хийх үү эсвэл уналтанд орох уу гэдгийг зах зээл таамаглахад хүндрэл учруулж байна.
Ажилгүйдлийн түвшний эргэн тойрон дахь төөрөгдөл: 7-р сард ажилгүйдлийн түвшин 4.3%-д хүрч огцом нэмэгдсэн. Гэвч энэ өсөлт нь цагаачлалаас шалтгаалсан ажиллах хүчний нийлүүлэлт ихэссэнтэй холбоотой байж болох юм.
Хэрэглээний зардал ба өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг: Хэрэглээний мэдээлэл холимог байна. Жижиглэн худалдааны борлуулалт тогтвортой байгаа ч өрхийн өр 17.8 их наяд ам.долларыг даван нэмэгдэж байна. Өр нэмэгдэх нь ирээдүйн хэрэглээг хумих магадлалтай.
Болгоомжлол, түгшүүр бол биш: АНУ-ын эдийн засагт тодорхой ан цавууд үүсэж байгаа ч тэдгээр нь хараахан түгшүүр төрүүлэхүйц биш байна. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчид мэдээлэлтэй, уян хатан байх хэрэгтэй.
Хөрөнгө оруулагчдын хариу үйлдэл: Зах зээлтэй харьцуулахад өндөр бета коэффициенттэй портфельтэй хүмүүс уналтаас айж байгаа. Иймд өндөр бетатай ч суурь үзүүлэлт сайтай хувьцаануудад анхаарал хандуулбал хямдаар авах боломж бүрдэж магадгүй юм.
Үндсэн нийтлэл:
Soft болон Hard Landing-ийн талаарх багахан оршил...
Soft Ladning - Зөөлөн Буулт Гэж Юу Вэ?
Зөөлөн буулт гэдэг нь эдийн засаг огцом өсөлтийн үеэс илүү тогтвортой хурдаар уналгүйгээр удааширч буйг хэлнэ. Энэ хувилбарт Холбооны Нөөцийн Сан (FED) мөнгөний бодлогыг зохицуулж, инфляцийг хянахын зэрэгцээ эдийн засгийн тогтвортой байдлыг хангадаг. Зөөлөн буулт нь хөрөнгө оруулагчдад ашигтай байдаг.
Hard Landing - Хүнд Буулт Гэж Юу Вэ?
Хүнд буулт гэдэг нь эдийн засгийн огцом, гэнэтийн удаашрал бөгөөд ихэвчлэн уналтад хүргэдэг. Хүнд буулт нь мөнгөний бодлогыг хэт чангалснаар, санхүүгийн хямрал эсвэл ноцтой гадны цочролоор үүсч болно.
Одоогийн нөхцөл байдалд тулгуурлан үнэлэмж өгөх нь...
Өнгөрсөн долоо хоногт хувьцааны зах зээлд ихээхэн хэлбэлзэл ажиглагдлаа. Хамгийн гол асуулт нь АНУ-ын эдийн засаг зөөлөн буулт хийх боломжтой юу эсвэл уналтын аюул нүүрлэж байна уу гэдэгт оршиж байна. Зөөлөн буулт хийвэл бид хувьцаануудыг авна, үгүй бол зарчихаад дахин хэдэн сар хүлээх болох нь...
АНУ-ын макро эдийн засгийн нөхцөл байдал холимог хэвээр байгаа бөгөөд зарим хэсэг нь тэсвэртэй байхад, зарим нь өндөр хүүгийн түвшнээс болж доголдолтой байна. Энэ нь зах зээлийн оролцогчдын дунд хуваагдал үүсгэж, зарим нь FED-ээс 9-р сард 50bps буулгахыг шаардаж байхад, зарим нь тайван байж, FED-ийг инфляцыг анхааралтай ажиглахыг хүлээж байна.
Ажилгүйдлын түвшин гэнэт өсөж хямралын индикаторуудыг хөдөлгөв...
8-р сарын 2-нд гарсан хөдөлмөрийн мэдээлэл нь зах зээлийн хямралын гол шалтгаануудын нэг байлаа. Энэ нь ажилгүйдлийн түвшин 2021 оноос хойш хамгийн өндөр буюу 4.3% болж, хямралын түвшнийг заасан байна. Өөрөөр хэлбэл АНУ-ын 3 сарын дундаж ажилгүйдлийн түвшин сүүлийн 12 сарын хугацааны хамгийн доод түвшнээс 0.5%-иар өссөн үед хямралын дохио болдог (Sahma rule). Энэхүү үзүүлэлт нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи зах зээлийн бүх уналтыг зөв тодорхойлсон юм.
Тэгвэл одоо АНУ-ын эдийн засаг одоо уналтад орох гэж байгаа хэрэг үү?
Sahma Rules-ийн үндэслэгч Клаудиа Сахм өөрөө түүний нэрээр нэрлэгдсэн үзүүлэлт уналтыг илэрхийлж байгаа ч АНУ уналтад ороогүй гэж хэлсэн. Үүний шалтгаан нь: 2 дугаар улиралд бодит хэрэглээний зардал 2.6%-иар өссөн бөгөөд сүүлийн 3 сард сар бүрийн шинээр нэмэгдсэн ажлын байрны тоо дунджаар 170 мянга байсан. Мөн сүүлийн 20 жилд ажилгүйдлийн түвшин дунджаар 5.8% байсан нь одоогийн түвшнээс хамаагүй өндөр үзүүлэлт бөгөөд одоогийн түвшинг хямралын дохио гэж үзэхгүй байгаа аж. Иймд эдийн засаг уналтад орно гэсэн дүгнэлт өгөхөд арай эрт байна.
АНУ-ын ажилгүйдлын түвшнийг ухаж харвал...
Ажилгүйдлийн түвшин 7-р сард 4.3% болж өссөн нь цар тахлын улмаас гажуудсан байж магадгүй бөгөөд ялангуяа цагаачлалын өсөлтөөс үүдэлтэй байж болзошгүй юм. Цагаачдын тоо нэмэгдсэнээр хэрэглээ нэмэгдэж, улмаар ажилгүйдлийн түвшинд дарамт үзүүлэх боломжтой (Ажилгүйдлын түвшнийг тооцоолоход цагаачдын ажил эрхлэлтийг тооцдоггүй).
АНУ-ын өрхийн цалин, хэрэглээ ба өрийн асуудал...
Нью-Йорк хотын Холбооны Нөөцийн банкны мэдээллээс үзэхэд өрхийн нийт өр 1%-иар нэмэгдсэн бөгөөд өрхүүд цар тахлын үеийн хадгаламжаа барагдуулсан байна. Гэхдээ эерэг талаас нь авч үзвэл хөгжингүй орнуудын цалингийн өсөлт нь инфляцаас давж байна. Энэ нь инфляцыг тохируулахад хүндрэл учруулж болох ч зах зээлд мөнгөний тоо хэмжээг нэмэгдүүлж буй эерэг дохио юм.
6-р сард жижиглэн худалдааны борлуулалт тогтвортой байсан бөгөөд онлайн дэлгүүрийн борлуулалт сар бүр 2%-иар өсөж, хүнс, ундааны газруудын зардал бага зэрэг өссөн байна. Энэ нь компаниудын борлуулалт өсөх боломжтойг илтгэж байна.
Компаниудын тайлан орлогын хувьд муу ч ашгийн хувьд эерэг үр дүнтэй байна...
8-р сарын 2-ны байдлаар S&P 500 компаниудын 75% нь 2024 оны 2-р улирлын бодит үр дүнгээ тайлагнасан. FactSet-ийн мэдээлснээр S&P 500 компаниудын 59% нь орлогын урьдчилсан таамаглалаас давсан боловч энэ нь сүүлийн 5 жилийн дундажаас доогуур (69%) болон сүүлийн 10 жилийн дундажаас доогуур (64%) байгаа юм. Гэхдээ нөгөө талаас, 78% нь ашгийн ногдол ашиг (EPS) тооцооллоос давсан үзүүлэлттэй байгаа бөгөөд энэ нь сүүлийн 10 жилийн дундажаас (74%) давсан байна.
Эдийн засгийн үзүүлэлтүүд хоёрдмол утгатай үед хөрөнгө оруулалтаа хэрхэх вэ?
Зах зээлийн талаарх хоёрдмол утгатай ярианууд нь хөрөнгө оруулагчдад хөрөнгийн байршуулалт хийхэд хэцүү болгодог. Харин хамгийн ухаалаг алхам бол портфель дэх зах зээлийн бетаг үнэлэх явдал байж болох юм. Хэрэв таны портфель зах зээлд өсөлттэй өдрүүдэд давж гарч, уналттай өдрүүдэд доогуур байвал энэ нь зах зээлийн бетаас харьцангуй өндөр байна гэсэн дохио юм. Хэрэв та уналт ирнэ гэж үзэж байгаа бол зах зээлийн бууралтаас хамгаалахын тулд портфель дэх бетаг бууруулах нь зүйтэй байж магадгүй юм. Иймд тогтвортой, чанартай хувьцаа эсвэл бондуудад хөрөнгө оруулалт хийх замаар бетаг багасгах боломжтой. Харин зах зээл хэт их санаа зовж, уналтыг хэтрүүлэн бодож байна, үнэн хэрэгтээ үгүй шүү дээ гэж үзэж байгаа бол циклийн хувьцаа, хөгжиж буй зах зээл эсвэл түүхий эд зэрэгт хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй байж магадгүй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй