Экспортын гол түүхий эдийн үнэ өсөх үү? Буурах уу?
2025 оны 9 сард дэлхийн түүхий эдийн зах зээл нь эрэлт, нийлүүлэлт тэнцвэргүй, тарифын бодлого, байгалийн хүчин зүйлс, геополитикийн эрсдэлээс хамаарч өндөр савалгаатай байв.
Харин ирэх оноос ногоон эдийн засгийн хөрөнгө оруулалт, сэргээгдэх эрчим хүчний эрэлт өсөх нь зэс болон газрын тосны үнийг дэмжихээр байна.
Харин нүүрс, төмрийн хүдрийн эрэлт буурах хандлагатай байгаа юм.
Зэс:
Өнгөрсөн 7 сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зэсийн импортод 50%-ийн тариф тогтоохоо зарласан нь зах зээлийг богино хугацаанд хүчтэй савлуулсан. Гэхдээ энэ нь зөвхөн хагас боловсруулсан зэсийн импортод хамаарна гэж мэдэгдсэнээр үнэ тогтворжсон.
Тэгвэл 2025 оны 2 улиралд зэсийн дундаж үнэ тонн тутамд 9,498 ам.долларт хүрч, өмнөх улирлын төсөөллөөс өндөр түвшинд хаагдлаа.
Зэсийн эрэлтийг ногоон шилжилт, цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүчний салбарын тэлэлт дэмжиж байгаа ч дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, худалдааны тодорхойгүй байдал үүссэн нь үнийн өсөлтийг бага зэрэг сулруулсан.
2026-2027 онд зэсийн үнэ тасралтгүй өсөх хандлагатай ч өмнөх таамгаас бага зэрэг доогуур байна.
Коксжих нүүрс:
2025 оны 2 улиралд коксжих нүүрсний хилийн үнэ 60 ам.доллар/тн болж, өмнөх улирлын төсөөллөөс 17.2%, өнгөрсөн жилийнхээс 42.4%-иар буурлаа.
Энэ нь БНХАУ-ын дотоодын нүүрсний олборлолт нэмэгдэж, импортын эрэлт огцом буурсантай холбоотой.
Зургаан сард болсон үер, уурхайн осол зэргээс болж Хятадын олборлолт тасалдсан ч 8 сараас хэвийн болж үнэ дахин тогтворжсон.
2026-2027 онд Хятадын эдийн засгийн сэргэлтийн хурд саарч, орон сууцны салбарын хямрал үргэлжлэхээр байгаа нь нүүрсний урт хугацааны эрэлтэд дарамт үзүүлэхээр байна.
Төмрийн хүдэр:
2-р улиралд Хятадад төмрийн хүдрийн эрэлт багасаж, гангийн үйлдвэрлэл буурснаар үнэ 91 ам.доллар/тн-д хүрч огцом буурсан.
Улирлын сүүлээр уул уурхайн үйл ажиллагаа тасалдаж, үер болж, хяналт шалгалт нэмэгдсэнээр нийлүүлэлт багасаж 7 сард 96 ам.доллар/тн болж түр хугацаанд өсжээ.
Харин 8 сараас нийлүүлэлт хэвийн болсноор үнэ эргэн буурч, дунд хугацаанд алгуур уруудах чиглэлтэй байна. Гангийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдүүдийн үнэ богино хугацаанд савлах ч урт хугацаанд эрэлт сул хэвээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй