Technical Outlook | Алтны ханшийн төлөв
Алтны ханшийн дунд хугацааны төлөв байдал
2025 оны 8 сарын 29-өөс хойш алтны зах зээлд эрэлт эрчимтэй өсөж, ханш хэт өндөр буюу overbought түвшинд хүрсэн бол 10 дугаар сарын 21-ээс эрүүл техникийн засвар (коррекц) хийгдэж эхэллээ.
Одоогоор 3,965-4,003 ам.долларын хооронд дэмжлэгийн чухал бүс бүрдээд байгаа нь өмнөх өсөлтийн циклд үүссэн хандлагын шугам болон фибоначчийн буурах түвшинтэй давхцаж байна.
Алтны үнийн хэтийн төлөвийг Deutsche Bank $4,000, HSBC $5,000, Goldman Sachs $4,900 орчимд хүрнэ гэж таамаглажээ. Эдгээр таамаг нь алтны ханш нь дээр дурдсан дэмжлэгийн бүсэд тогтворжих, дунд хугацаанд дахин өсөх боломжтойг илтгэж байна.
Нөгөө талаар, Дэлхийн алтны зөвлөлийн (World Gold Council) 2025 оны 6 дугаар сард гаргасан судалгаанд төв банкнуудын 95% нь ирэх 12 сарын турш алтны нөөцөө хэвээр хадгалах эсвэл нэмэх, 43% нь шууд нэмэх бодолтой байгаагаа илэрхийлсэн байна.
Нөөцөө бууруулах төлөвлөгөөтэй төв банк огт байхгүй байгаа нь зах зээлд урт хугацааны эрэлт тогтвортой байгааг харуулж байна.
Иймд техник болон суурь шинжилгээг нэгтгэвэл, алтны ханш дунд хугацаанд төвийг сахисан төлөвтэйгөөр $3,700–4,000 орчимд хэлбэлзэх, харин өргөтгөсөн буюу өөдрөг төсөөллөөр $4,750 хүртэл өсөх боломжтой байна.
Зураг 1. Алтны ханшийн дунд хугацааны төлөв
Түүхэн хандлагаас харвал бондын өгөөж буурах нь алтны ханшийг өсгөдөг. АНУ-ын 10 жилийн хугацаат бондын өгөөж сүүлийн саруудад буурах хандлагатай суваг (descending channel) дотор хөдөлж байна.
2025 оны 10 сард бондын өгөөж тус суваг доторх доод шугамд хүрч богино хугацаанд эргэлт хийж, АНУ-ын 10 жилийн бондын өгөөж 26.3 суурь нэгжээр (26.3 bps = 0.263%) буурсан байна.
Энэ нь зах зээлд оролцогчид 2026 оноос хойш бодлогын хүүг шат дараатай бууруулна гэсэн хүлээлттэй байгааг илтгэж байна.
АНУ-ын Холбооны нөөцийн банкны (FED) Мөнгөний бодлогын хорооны 2025 оны төсөөллөөр энэ онд хүүг 2 удаа бууруулахаар төлөвлөсөн бөгөөд 2026 онд бодлогын хүүг 3.6%-ийн түвшинд хүргэнэ гэж үзэж байна.
Бондын өгөөжийн дэмжлэгийн түвшин 3.70–3.80% бүсэд байрлаж байгаа энэ нь түүхэн доод цэг, төв банкны төсөөлөлтэй давхцаж байна.
Зураг 2. АНУ-ын ЗГ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж
Ам.долларын ханшийн индекс богино хугацаанд дэмжлэг авч өсөж байгаа ч АНУ-ын өрийн тааз 2026 оноос 2029 он хүртэл 5.0 их наяд ам.доллараар нэмэгдэх (Д.Трампын шийдвэрээр), бодлогын хүү буурах хүлээлтийн улмаас ам.долларын индекс DXY буурах төсөөлөлтэй байна.
АНУ-ын долларын индекс (DXY) богино хугацаанд 98 орчимд дэмжлэг авч өсөж байгаа ч нийт хандлага өргөн хүрээний доош чиглэсэн сувгийн (descending trend channel) дотор үргэлжилж байна.
Зураг 3. Ам.долларын ханшийн индекс DXY
Алтны ханшийн богино хугацааны төлөв байдал
Алтны фьючерсийн ханш (GC) давхар оройн формац үүсгэсний дараа буурч, 4000 ам.долларын дэмжлэгийн түвшин рүү чиглэж байна.
4195 ам.долларын өмнөх богино хугацааны суурь түвшнийг өндөр арилжааны хэмжээтэйгээр доош сэтэлснээр богино хугацааны сэргэлт саарч, давхар оройн зорилтот түвшин болох 4000 ам.долларт хүрэх магадлалыг нэмж байна.
Энэ хөдөлгөөнийг RSI-ийн дохио болон давхар оройн загвар дахь эсэргэцэл (divergence) техникийн хувьд баталгаажуулж байгаа бөгөөд 4000 ам.долларын орчимд дэмжлэг үүсэх нөхцөл бүрдлээ.
Иймд уг түвшинд тогтворжилт бий болбол алт богино хугацаанд 4150–4200 ам.долларын бүс рүү сэргэх төлөвтэй байна.
Зураг 4. Алтны фьючерс ханш (4 цагийн лаа)
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй