Биткойны ханш 20,000 ам.доллароос доош орж уналаа
Өнөөдөр Биткойны ханш 20,000 ам.доллароос доогуур арилжаалагдаж байна. Сүүлийн 24 цагийн дотор биткойны ханш 0.8 хувиар унаж 19,882 ам.доллар, Этериумын ханш 2 хувиар унаж 1,465 ам.доллар хүрлээ. Нийт крипто валютын зах зээлийн үнэлгээ 1 их наяд ам.доллароор унасан үзүүлэлттэй байна.
Холбооны Нөөцийн Сангийн тэргүүн Jerome Powell бодлогын хүүг үргэлжлүүлэн өсгөх төлөвтэй байгаагаа мэдэгдсэн. Инфляц эргэн буурах шинжтэй байгаа хэдий ч зорилтод түвшинд хүртэл нь үргэлжлүүлэн бодлогын хүүг өсгөх нь эдийн засгийн удаашралтыг бий болгох болно. ХНС-гийн тэргүүн мэдэгдэл хийсний дараа ганцхан крипто зах зээл бус, мөн хувьцааны зах зээл уналтад орсон. АНУ-ын голлох индекс болох S&P 500 индекс 3.37 хувиар унаж 4,057.66 ам.доллар, Nasdaq индекс 3.94 хувиар унаж 12,141.71 ам.доллар, Dow Jones индекс 3.03 хувиар унаж 32,283.4 ам.доллар хүрлээ.
Энэ жил бодлогын хүүг нийт 225 нэгжээр өсгөөд байгаа бол томоохон арилжаачид есдүгээр сард бодлогын хүүг дахин 75 нэгжээр өсгөж болзошгүй хэмээн таамаглаж байна. Инфляцын өндөр түвшин болон зээлийн хүүгийн өсөлт нь компаниудын зардлыг өсгөж байгаагаа тул өндөр эрсдэлтэй крипто валют, технологийн салбарын хувьцаа зэрэг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах нь багасах болно. Тиймээс крипто зах зээлийн уналт үргэлжлэх хандлагатай байгаа гэсэн сэдэл дээр тулгуурлан хөрөнгө оруулагчид хөрөнгөө татах үйл явцыг хийж эхэлсэн.
Нөгөөтээгүүр, мөнгөний бодлогыг чангатгаснаар нийт ам.долларын нийлүүлэлтийг багасгаж, тус мөнгөн тэмдэгтийг чангатгах болно. Ам.долларын индекс болох DXY өчигдөр ойролцоогоор 0.45 хувиар өсөж 109.44 ам.долларт хүрсэн.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй