Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хуулийн булан: IPO хэрхэн хийх вэ?

Хуулийн булан: IPO хэрхэн хийх вэ?

Хуулийн булан: IPO хэрхэн хийх вэ?

 

IPO /Initial Public Offering/  гэдэг нь компани анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгохыг хэлдэг.  Тодруулбал, цөөн тооны хөрөнгө оруулагчтай ХХК өөрийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгож нээлттэй ХК болох явц юм.  

IPO-г амжилттай хийх нь тухайн бизнест урт хугацаанд эргэн төлөгдөх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхээс гадна компанийн засаглал сайжрах, нээлттэй ил тод байдлыг хангах зэрэг олон давуу талтай ч нөгөө талд хууль, эрх зүйн олон тооны дүрэм, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй.

 

ТҮҮХ

  • Монгол Улсад үнэт цаасны зах зээл МХБ үүсгэн байгуулагдсан 1991 оноос эхлэлтэй бөгөөд анхны IPO-г 2005 онд “Монгол шилтгээн” ХК хийж 800 сая төгрөгийг татан төвлөрүүлжээ.
  • Одоогоор нийт 37 компани IPO хийж 698 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. 

 

IPO ХИЙХЭД БАРИМТЛАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ: 

  • IPO хийхэд Үнэт цаасны зах зээлийн тухай, Компанийн тухай хуулиуд, СЗХ болон арилжаа эрхлэх байгууллагын “Бүртгэлийн журам”-аар гол шалгуурыг тогтоодог. 
  •  IPO хийх гэж буй компани нь аль биржид бүртгүүлэхээ эхлээд сонгож тухайн компанийн бүртгэлийн журмаар тогтоосон шалгуурт нийцүүлэн бэлтгэл ажлаа хангах шаардлагатай. 

 

IPO ХИЙХ АЖЛЫН ДАРААЛАЛ: 

  1. БЭЛТГЭЛ АЖИЛ: Шийдвэр гаргах 

Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал эсхүл ТУЗ-өөс үнэт цаас гаргах шийдвэрийг гаргасны дараа бэлтгэл ажлын болон хэдэн төгрөг татан төвлөрүүлэх, юунд зарцуулах төлөвлөгөөг гаргах шаардлагатай.

Хуулийн шаардлагын дагуу татан төвлөрүүлсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахгүй байх үүрэгтэй тул үнэт цаасны танилцуулгад тус төлөвлөгөөг сайн тооцож тусгах шаардлагатай. 

 

  1. АНДЕРРАЙТЕР БОЛОН ХӨНДЛӨНГИЙН ДҮГНЭЛТ ГАРГАХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ СОНГОХ 

IPO хийхэд хуулийн фирм, үнэлгээний компани, аудит, андеррайтерийн компаниудыг сонгож тэдгээрээс мэргэжлийн үйлчилгээг авна. 

 

  1. НИЙТЭД САНАЛ БОЛГОХ ХУВЬЦААНЫ ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХ 

Үнэт цаас гаргагчийн бизнесийн болон хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний компани хийж, нэгж хувьцааны зах зээлийн үнэлгээг тогтоодог.

Үүнийг үнэт цаас гаргагч, андеррайтер компани харилцан тохиролцсоноор олон нийтэд санал болгох хувьцааны нэгжийн үнэ, нийт хэдэн төгрөг татан төвлөрүүлэх зэргийг хамтран шийдвэрлэнэ. 

 

  1. ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА БЭЛТГЭХ 

Андеррайтерийн үйлчилгээ үзүүлэх гэрээг үнэт цаас гаргагч нь андеррайтерийн компанитай байгуулсны дагуу олон нийтэд танилцуулах, СЗХ болон биржид бүртгүүлэх үнэт цаасны танилцуулгыг бэлтгэх, боловсруулах үүргийг андеррайтерийн компани хүлээнэ.

Үнэт цаасны танилцуулгын хавсралтад хууль, аудитын дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайланг хавсаргана. 

 

  1. МХБ, СЗХ-НД IPO ХИЙХ ХҮСЭЛТЭЭ ӨГЧ БҮРТГҮҮЛЭХ 

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 9.16-д заасны дагуу Бирж болон СЗХ-нд үнэт цаасны танилцуулга тэдгээрт хавсаргах материалыг хүргүүлснийг бирж, СЗХ бүртгэснээр анхдагч зах зээлд үнэт цаасаа санал болгох эрх үүснэ. 

 

  1. АНХДАГЧ БА ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 

Татан төвлөрүүлэх дүн үнэт цаасны танилцуулгад заасанд хүрсэн тохиолдолд тодорхой тайланг СЗХ-нд хүргүүлэн хянуулж анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсноор хоёрдогч зах зээлийн арилжааг эхлэх зөвшөөрлийг олгож, IPO хийх ажил дуусгавар болно. 

 

ЭЦЭСТ НЬ: 

  • Үнэт цаасыг бүртгүүлэх хүсэлтийг СЗХ татгалзсан тохиолдолд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 9.12-д зааснаар нэг жилийн дотор тухайн үнэт цаасыг бүртгүүлэхээр дахин хүсэлт гаргах эрхгүй. 
  • Мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 10.1-д зааснаар үнэт цаас, танилцуулгыг Хороонд бүртгүүлснээс хойш 6 сарын дотор нийтэд танилцуулах бөгөөд уг хугацаа дууссанаас хойш тухайн үнэт цаасыг нийтэд санал болгохыг хориглодог. 
  • Мөн IPO амжилттай хийсэн компани цаашид хөрөнгө оруулагч, бирж, СЗХ-ны өмнө хүлээсэн үүргээ тогтмол биелүүлэх, татан төвлөрүүлсэн хөрөнгийн тайлан гаргах, санхүү, үйл ажиллагаа, аудит, ТУЗ-ийн хурал, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах гэх мэт үүргийг хүлээнэ. 

Санамж: Энэхүү мэдээлэл нь ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилгоор боловсруулагдсан бөгөөд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй тул нэмэлт тодруулга, тайлбар, үйлчилгээг мэргэжлийн шинжээч, үнэт цаасны компанид хандахыг зөвлөж байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.