Тарифын дайн vs Төв банк: Трамп Пауэллыг шахсаар
Ерөнхийлөгч Дональд Трамп дахин Холбооны Нөөцийн дарга Жером Пауэллыг онилж, сошиал орчинд түүнийг “огцрох нь аль болох хурдан байх ёстой!” хэмээн шүүмжилжээ. Энэ мэдэгдэл нь Пауэлл Трампын тарифын бодлого инфляцыг нэмэгдүүлж, эдийн засгийг удаашруулж болзошгүй талаар анхааруулсны маргааш гарсан юм.
Пауэлл тарифын зардлыг олон нийт үүрснээр ажилгүйдэл нэмэгдэж, үнийн өсөлт эрчимжих эрсдэлтэйг дурдсан. Тэрбээр мөн инфляцыг хянах болон хөдөлмөрийн зах зээлийг дэмжих гэсэн хоёр зорилго зөрчилдөх магадлалтай тул хүү бууруулах шийдвэр хойшлогдохыг үгүйсгэсэнгүй.
Трамп Европын Төв банк долоо дахь удаагийн хүүгийн бууралтаа хийх гэж байхад АНУ-ын Төв банк хөдлөхгүй байгаад бухимдаж, Пауэллыг үргэлж хоцрогдсон буруу шийдвэр гаргадаг хэмээн шүүмжилжээ. Харин Пауэлл эдийн засгийн нөхцөл байдлыг илүү оновчтой үнэлж, инфляц эсвэл эдийн засгийн сулралын аль нь илүү ноцтой байна, түүндээ анхаарлаа төвлөрүүлэх болно гэдгээ илэрхийлсэн.
Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Холбооны Нөөцийн даргыг шууд огцруулах эрхгүй. Төв банк нь улс төрийн нөлөөнөөс ангид, бие даасан байдлаар ажиллах зохицуулалттай бөгөөд даргын бүрэн эрх хуульд хамгаалагдсан байдаг.
Жером Пауэлл 2022 оны тавдугаар сарын 23-нд Холбооны Нөөцийн даргын хоёр дахь дөрвөн жилийн бүрэн эрхээ эхлүүлсэн бөгөөд 2026 оны тавдугаар сарын 15-нд дуусна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй