Монгол Улсын зээлжих зэрэглэл “B+” төлөв нь “Тогтвортой”
Fitch Ratings агентлаг Монгол Улсын гадаад валютын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B+” түвшинд хэвээр хадгалж, төлөвийг “Тогтвортой” гэж зарлалаа. Энэхүү үнэлгээнд эдийн засгийн дунд хугацааны тогтвортой өсөлт, төрийн харьцангуй бага өр, мөн “B” зэрэглэлийн орнуудтай харьцуулахад нэг хүнд ногдох орлого өндөр байгаа нь нөлөөлсөн байна.
Харин зэрэглэл ахиагүйн шалтгаан нь гадаад санхүүжилт болон Хятад руу чиглэсэн түүхий эдийн экспортоос хэт хамааралтай байдал юм. Түүнчлэн өндөр гадаад өр, хязгаарлагдмал валютын нөөц, мөчлөг дагасан бодлого нь эдийн засагт сул талууд болж байна.
Эдийн засаг ба төсөв
Fitch агентлагаас хийсэн таамаглалаар, хөдөө аж ахуйн сэргэлт, зэсийн экспортын өсөлт нь Монгол Улсын эдийн засгийг 2025 онд ДНБ 5.7%-иар өсгөхөөр, 2026-2027 онд 5.3% орчим хадгалахаар байна. Тодруулбал, Оюутолгой төслийн гүний олборлолт, Хятадын боомт руу чиглэх төмөр замын бүтээн байгуулалт нь дунд хугацаанд өсөлтийг дэмжих аж.
Харин 2025 онд ДНБ-ний алдагдлыг 1.8%-тай гарахаар тооцож байна. Төсвийн орлогын биелэлт эрсдэлтэй ч Засгийн газрын өр ДНБ-ний 40%-иас доош буурна гэж үзжээ.
Эрсдэл ба сорилтууд
-
Инфляц: 2025 онд дунджаар 8.5% орчим байж, Төв банкны зорилтот түвшнээс өндөр байна.
-
Гадаад сектор: 2025 онд гадаад төлбөрийн тэнцлийн алдагдал ДНБ-ний 12%-д хүрч, валютын нөөц 5.4 тэрбум ам.доллар буюу 3 сарын импортын түвшинд хадгалагдаж байна.
-
Хамаарал: Экспортын 90%, төсвийн орлогын 30% нь эрдэс баялгийн экспортоос буюу бараг бүгд Хятад руу чиглэж байгаа нь томоохон эрсдэл юм.
Зээлжих зэрэглэл буурах эрсдэлүүд:
-
Гадаад өрийн эргэн төлөлтөд дарамт үүсэх: Түүхий эдийн үнэ огцом унаж, экспортоос орж ирэх валют буурах үед төлбөрийн тэнцэл хурдан доройтно. Ингэснээр валютын нөөц шавхагдаж, гадаад өрийн эргэн төлөлтийн эрсдэл нэмэгдэнэ.
-
Өрийн огцом өсөлт: Төсвийн алдагдал тогтмол өндөр байж, ДНБ-д эзлэх өрийн хэмжээ өсвөл зээлжих чадвар муудна. Ялангуяа гадаад валютын өр өндөр хэвээр байвал валютын ханшийн савлагаанаас ихээхэн эрсдэл хүлээнэ.
-
Улс төрийн тогтворгүй байдал: Засаглалын тогтворгүй байдал, бодлогын тасалдал, уул уурхайн томоохон төслүүдийн хэрэгжилт саатах нь хөрөнгө оруулалтын урсгалыг тасалдуулж, эдийн засгийн суурь өсөлтөд сөргөөр нөлөөлнө.
Зээлжих зэрэглэл өсөх боломжууд:
-
Валютын нөөцийг нэмэх: Экспортын орлогын өсөлт, тогтвортой төлбөрийн тэнцэл, Засгийн газрын хуримтлалын сангуудад (Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан) хуримтлал нэмэх нь Монголын гадаад эрсдэлийг бууруулна.
-
Гадаад өрийг бууруулах: Өрийн бүтцийг сайжруулж, дахин урьдчилж санхүүжилснээр эргэн төлөлтийн дарамтыг зөөлрүүлэх боломжтой. Өрийн ДНБ-д эзлэх хэмжээг тогтвортой бууруулах нь эерэг дохио болно.
-
Төсвийн тогтвортой бодлого: Орлогын таамгийг бодитой тооцох, зарлагын сахилга батыг хадгалах, мөчлөг дагасан хэтэрсэн зардлаас зайлсхийх нь зээлжих зэрэглэлийг дээшлүүлэхэд чухал.
-
Тогтвортой өсөлтийг хадгалах: Уул уурхайн салбараас гадна эдийн засгийн төрөлжилт, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг тогтвортой татах, бүтээн байгуулалт болон үйлчилгээний салбарын өсөлтийг дэмжих нь дунд хугацаанд эерэг үнэлгээ авчрах хүчин зүйл болно.
Дүгнэлт: Монгол Улс дунд хугацаанд тогтвортой өсөлттэй ч эрдэс баялгийн экспорт ба Хятадын эрэлтээс хэт хамааралтай хэвээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй