Мөнгөний хатуу бодлого дефляцид хөтөлж магадгүй гэж шинжээчид үзэж байна
Ark Investment Management LLC компанийн гүйцэтгэх захирал Cathie Wood өөрийн твиттер хуудсаараа дефляци үүсэж болзошгүй хэмээн жиргэжээ.
Түүний үзэж байгаагаар ихэнх бүтээгдэхүүний үнэ цар тахлын үеийн оройн цэгээс унаад байгаа. Үүнд мод 60 хувь, зэс 35 хувь, газрын тос 35 хувь, төмрийн хүдэр 60 хувь, эрдэнэшиш 17 хувь, Балтийн тээврийн үнэ 79 хувь, алт 17 хувь, мөнгө 39 хувиар тус тус унаад байна. Түүхий эдүүдийн үнэ буурч байхад мөнгөний хатуу бодлого баримталж байгаа нь цаашид дефляцийг үүсгэж болзошгүй байна.
Cathie Wood-ийн таамаглаж буйгаар энэхүү үнийн уналт нь холбооны нөөцийн банкыг дараагийн гурваас зургаан сард бодлогын томоохон өөрчлөлт хийхэд хүргэх юм байна.
Тус жиргээний доор Elon Musk төв банк бодлогын хүүгээ өндөр нэгжээр нэмэгдүүлж байгаа нь дефляци үүсгэх эрсдэл болоод байна хэмээн хариу жиргэсэн байна.
Энэ оны зургадугаар сарын 30 өдөр “Big Short”-ийн Micheal Burry жижиглэн худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд хэт их хэмжээний агуулахын нөөц бүрдүүлсэн нь дефляци үүсэх шалтгаан болж болзошгүй хэмээн анхааруулж байсан. Түүний үзсэнээр цар тахлын үед өдөөгдсөн /Bullwhip effect/ эрэлтийн шок нийлүүлэлтийн сүлжээний давхарга бүрт бүтээгдэхүүний нийлүүлэлт, боловсруулалтыг нэмэгдүүлэх шок болж өгсөн бөгөөд нөхцөл байдал хэвийн төлөв лүү шилжих үед тухайн шокоос үүдэлтэй асар их нөөц хуримтлагдсанаар үнийн хэт хямдрал үүсэх нөхцөлийг бий болгоно хэмээн таамаглаж байжээ.
Энгийнээр хэлбэл хөл хорионоос үүдэлтэй АНУ-д ариун цэврийн цаасны эрэлт ихсэж дэлгүүрүүдийн нөөц шавхагдсан. Үүнээс үүдэж дэлгүүрүүд цаашид энэ үйл явдал үргэлжилж магадгүй гэсэн сэдлээр эрэлтээс давсан захиалгыг бөөний төвүүдэд өгсөн. Яг энэ байдлаар бөөний төвүүд үйлдвэрлэгчдэд, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн боловсруулагчдад, боловсруулагч түүхий эд ханган нийлүүлэгч рүү гэх мэт нийлүүлэлтийн сүлжээнд эрэлтийн асар том шок орж ирснээр нийлүүлэлтийн мөчлөгийн үед эрэлтээс үүдэлтэй ханшийн өсөлт бий болсон. Эсрэгээрээ нөхцөл байдал хэвийн болох үед тухайн шокноос үүдэлтэй хуримтлагдсан нөөц илүүдэл бий болгож үнийг асар ихээр унагана.
Өнөөдөр АНУ-ын наймдугаар сарын хэрэглээний үнийн индексийн тоон мэдээлэл гарна. Micheal Burry болон Cathie Wood нартай адил томоохон хөрөнгө оруулалтын банкууд наймдугаар сарын инфляцыг таамаглаж байснаас бага үзүүлэлттэй гарна хэмээн шуурч байна.
JPMorgan-ийн үзэж байгаагаар инфляци оройн цэгээ хэдийнээ авсан байгаа бөгөөд ирэх саруудад буурах хандлагатай байгаа юм байна. АНУ-ын инфляцад нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл болоод буй шатхууны дундаж ханш зургадугаар сард 5 ам.доллар хүрээд байсан бол энэ долоо хоногийн даваа гарагт шатхууны дундаж ханш 3.716 ам.долларт хүрсэн байна.
Энэ мэтчилэн шинжээчид инфляцын төлөв байдлыг өөр өөрсдийн өнцгөөр таамаглаж байна. Ямар ч байсан тус таамаглалуудын хариулт өнөөдөр тодорхой болох юм. Өнөөдөр орой Монголын цагаар 20:30 цагаас АНУ-ын 8 сарын тоон мэдээлэл гарах тул АНУ-ын хөрөнгийн биржүүдээс хувьцаа худалдан авсан харилцагчид маань энэхүү тоон үзүүлэлтийг анхаарах шаардлагатай.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй