Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ОНЦЛОХ НИЙТЛЭЛ Суурь шинжилгээ: Хятад: Зах зээлийн асуудлаа их буугаар буудчихсан уу? Эсвэл…

ОНЦЛОХ НИЙТЛЭЛ 
Суурь шинжилгээ: Хятад: Зах зээлийн асуудлаа их буугаар буудчихсан уу? Эсвэл…

ОНЦЛОХ НИЙТЛЭЛ Суурь шинжилгээ: Хятад: Зах зээлийн асуудлаа их буугаар буудчихсан уу? Эсвэл…

Хятадын хөрөнгийн зах зээл сүүлийн 5 жилд тийм ч сайн байсангүй. Хятадуудын хувьд хөрөнгийн зах зээл тийм ч ач холбогдолтой байгаагүйн шалтгаан нь иргэдийнх нь  ердөө 10 хүрэхгүй хувь нь хөрөнгийн зах зээлд оролцдог, ихэнх нь үл хөдлөхөд хөрөнгөө оруулж ирсэнтэй холбоотой.  

Тиймээс хөрөнгийн зах зээл унахад Хятадуудын ердөө 7-8% нь л мэдээд өнгөрдөг байв. Харин сүүлийн 3 жилд үл хөдлөх хөрөнгийн салбар буюу иргэдийн мөнгөө оруулдаг гол “алтан гахай” нь эвдэрч эхэлсэн тул тэд өөр гарц хайж байна. 

Иргэдийнх нь хувьд хөрөнгийн зах зээл бол цөөн хүмүүсийн тоглоом, засгийн газрынх нь хувьд иргэдийн нийтлэг амьдралд шууд нөлөөлдөггүй салбар төдий байсан үе саяхан. 

График: Hang-Seng индекс (2018-2024) 

“Намын шийдвэр нь хүчтэй нөлөөлдөг энэхүү зах зээлд төрөөс ямар нэгэн томоохон арга хэмжээ авахыг олон улсын хөрөнгө оруулагчид хүлээж байна.” 

Хятадын зах зээл дэх үүлэн чөлөөний нар… 

Хятадын Ардын Банкнаас (PBoC) өнгөрсөн долоо хоногт 800 тэрбум юань буюу 114 тэрбум ам.долларыг хөрөнгийн захаа дэмжихэд зарцуулахаар  шийдвэрлэв.   

  • Эхний 500 тэрбум юанийн своп хөтөлбөрийн хүрээнд сангууд, даатгагчид болон брокерууд өөрт буй активаа бэлэн мөнгөөр сольж, түүгээрээ хувьцаа авах юм.   
  • Хоёр дахь 300 тэрбум юаниар хямд өртөгтэй зээлийг арилжааны банкнуудад олгож, хувьцаа худалдан авах болон хувьцааны буцаан худалдан авалтыг санхүүжүүлэхэд чиглэж байна.  

Үүний үр дүнд Хонг Конгийн Hang-Seng индекс, Шанхай, Шэньжэний CSI 300 индекс 13-15% өссөн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээв. Гэхдээ энэ бол түр зуурын "үүлэн чөлөөний нар" төдий боломж бөгөөд жинхэнэ тогтвортой өсөлтийн дохио биш байж магадгүй. 

Хятадын эдийн засгийн хамгийн том бэрхшээл бол үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал юм. Goldman Sachs-ийн тооцоогоор, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн илүүдэл нөөцийг 2018 оны түвшинд буюу хэвийн түвшинд хүргэхийн тулд 7.7 их наяд юань шаардлагатай байгаа нь одоогийнхоос 7 дахин их хөрөнгө шаардлагатайг харуулж байна. Өрхийн хөрөнгийн 70% нь үл хөдлөх хөрөнгөд төвлөрсөн тул энэ зах зээл хүнд байдалтай байгаа учраас иргэд шинэ зээл авах, зарцуулалтаа нэмэх хүсэлгүй хэвээр байна. 

Тэтгэврийн насаар оролдсон нь иргэдийн итгэлийг бууруулав... 

Хятад улс 2025 оноос эхлэн эрэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 60-аас 63 болгож, эмэгтэйчүүдийн насыг 50-аас 55 болгосон нь шинэ ажлын байрны олдцыг хязгаарлаж, иргэдийг илүү их зээл авах, зарцуулалт хийхээс татгалзахад хүргэж байна. 

Хятадын Засгийн газрын хэрэгжүүлж буй тэтгэврийн насыг нэмэх бодлого нь тэтгэврийн санг тогтвортой байлгах зорилготой ч залуучуудын ажилгүйдлийг нэмж, хэрэглэгчдийн итгэлийг бууруулах эрсдэлтэй. 

Жак Ма эргэн ирсэн ч хувийн хэвшлийг дарамталсан дарамт хэвээр байна… 

2024 оны 9 сард Хятадын Засгийн газраас Tommy Hilfiger брэндийг эзэмшдэг PVH компанийг үндэсний аюулгүй байдлын хар жагсаалтад оруулна хэмээн сүрдүүлсэн. Энэ нь тус компани Шинжаан мужийн хөвөнг худалдан аваагүйтэй холбоотой бөгөөд PVH компани хүнд нөхцөлд орсон юм. 

Зураг: Ши Жинпиний эдийн засгийн бодлогыг шүүмжилсэн эдийн засагч Жу Хэнпэнг ор сураггүй алга болсон тухай мэдээ 

Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн эдийн засагч Жу Хэнпэнгийг Ши Жиньпиний эдийн засгийн бодлогыг шүүмжилсний дараа баривчилсан. Энэ үеэр Жу Хэнпэнгийн Цинхуа Их Сургуулийн вэбсайтад оруулсан судалгаа, шүүмжлэлүүд мөн устсан байна.   

Жу Хэнпэнг одоог хүртэл дахиж олны өмнө гарч ирээгүй байгаа бол Жак Ма засгийн газрыг хувийн хэвшлийн үйл ажиллагаанд оролцож буйг шүүмжилснийхээ төлөө Хятадаас 2 жил зугатаж байсан юм.  

Эдгээр үйл явдлууд нь Хятадын хувийн хэвшилд Засгийн газар хэт их оролцож буй мэт сэтгэгдэл төрүүлж, бизнесийн орчны тодорхойгүй байдлыг нэмж байна. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчид Хятадад хөрөнгө оруулахдаа эргэлзэж, итгэл нь буурч байна.  

Шинжээчдийн үзэж буйгаар овоо хараа нь таараагүй их бууны сүр… 

Хятадын удирдлагууд хэрэглэгчдийн эрэлт сул байгаа, үл хөдлөх хөрөнгийн зах зээл гүнзгий асуудалд орсон тул шууд мөнгөн дэмжлэгээс татгалзаж байна. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг сэргээхэд 7.7 их наяд юань шаардлагатай байгаа ч одоогийн арга хэмжээнүүд хангалтгүй гэж шинжээчид үзэж байна. 

Хятадын удирдагч Ши Жиньпин шууд мөнгөн тэтгэмж өгөхөд дургүйцдэг бөгөөд энэ нь зах зээлд сөрөг нөлөө үзүүлж, инфляци үүсгэх эрсдэлтэй гэж үздэг. 

Одоогийн арга хэмжээнүүд нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад бага хэмжээтэй бөгөөд урт хугацааны эдийн засгийн асуудлыг шийдэхэд хангалтгүй байна. 

Бээжингийн хэрэгжүүлж буй эдгээр арга хэмжээнүүд түр зуур зах зээлд амьсгаа авах боломжийг олгож байгаа ч урт хугацааны бодит сэргэлтэд хүргэхийн тулд илүү агрессив, гүнзгий өөрчлөлт шаардлагатайг шинжээчид онцолж байна. 

 

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.