БНХАУ-ын зээл олголт бараг хоёр дахин өслөө
БНХАУ-ын есдүгээр сарын нийт зээлийн хэмжээ таамаглаж байснаас өндөр дүнтэй гарлаа. Төв банкнаас ковидын нөлөөний дараа эдийн засгийн өсөлт удааширч, үл хөдлөхийн салбарын уналт гэх мэт асуудлыг дэмжих зорилготойгоор арга хэмжээ авч эхэлсэн.
Наймдугаар сард нийт 1.25 их наяд юанийн зээл олон нийтэд олгож байсан бол есдүгээр сард 2.47 их наяд юанийн зээл олгосон нь бараг хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Шинжээчид есдүгээр сарын зээлийн хэмжээг 1.8 их наяд юань байна хэмээн таамаглаж байсан ч шинжээчдийн хүлээлтийг эвдсэн.
"Дэд бүтэц, үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө болон бусад салбарт олгож буй зээлийн өргөтгөл нь дөрөвдүгээр улиралд зээлийн болон нийгмийн нийт санхүүжилтийн өсөлтөд хүчтэй дэмжлэг үзүүлж, эдийн засгийн үйл ажиллагааг зохих хэмжээнд байлгахад тусална" гэж Миншэнг банкны ерөнхий эдийн засагч Вэн Бин мэдэгдсэн.
Өрхийн зээл, тэр дундаа ипотекийн зээл наймдугаар сард 458 тэрбум юаниас есдүгээр сард 650.3 тэрбум юаньд хүрсэн бол байгууллагын зээл 875 тэрбум юаниас 1.92 их наяд юаньд хүрсэн хэмээн төв банкнаас мэдэгдсэн.
Наймдугаар сард төв банк нэг жилийн зээлийн хүүг таван cуурь нэгжээр бууруулж, таван жилийн хугацаатай зээлийн хүүг илүү их хэмжээгээр бууруулсан байна. Мөн төв банк аравдугаар сарын 1-нээс анх удаа орон сууц худалдан авагчдад зээлийн хүүг 15 суурь нэгжээр бууруулж үл хөдлөхийн салбарыг дэмжих арга хэмжээ авсан.
Төв банк есдүгээр сарын сүүлээр дэлхийн эдийн засагт учирч болох эрсдэлийг дурдаад, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн сэргэлтийг бэхжүүлэх хүчин чармайлтыг нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдсэн.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй