ЗАХ ЗЭЭЛ 12% ӨССӨН ЭНЭ ӨДӨР БИДЭНД ЮУГ ЗААВ?
Өчигдөр буюу 2025 оны 4-р сарын 9-нд дэлхийн хөрөнгийн зах зээлд нэг том үйл явдал боллоо. Nasdaq индекс нэг өдөрт 12% өссөн. Энэ бол маш ховор тохиолдол. Ийм өсөлт жилийн турш ч олддоггүй өдөр.
Ихэнх хөрөнгө оруулагчдын хамгийн түгээмэл алдаа бол “түр зугтах” буюу зах зээл унаж эхлэх үед хөрөнгөө буцаан татах шийдвэр. Энэ нь тухайн үедээ эрсдэл багасгаж байгаа мэт санагддаг ч, ямар өдрүүдийг алдаж байгаа вэ гэдэг нь илүү чухал.
Яагаад ийм өдрүүд чухал байдаг вэ?
Зах зээл гэдэг бол заримдаа унаж, заримдаа өсдөг газар. Гэтэл өсөх үед нь дотор нь байхгүй бол — тэр өсөлт танд хамаагүй.
Жишээ нь Та 20 жилийн өмнө 10,000₮ хөрөнгө орууллаа гэж бодъё. JP Morgan Asset Management-ийн тооцооллоор:
- Та 20 жил зах зээлд тасралтгүй оролцвол энэ нь ~70,000₮ болж өсөх байв.
- Харин зүгээр л 10 ширхэг “хамгийн сайн өдрийг” алдахад энэ мөнгө 30,000₮ болж буурдаг.
- Харин 30 сайн өдрийг алдвал? Бараг өсөхөө больж, байгаа дээрээ л эргээд ирдэг.
- 60-г алдахад — бүр алдагдалд ордог.
Өсөлттэй өдрүүдийг орхивол, зах зээлд орсон ч, орсон шиг өгөөж авахгүй. Харин байнга орж, зогсож байгаа газраа байж л байвал өгөөжөө авна.
Тэгвэл яагаад хүмүүс алддаг вэ?
Учир нь айдас. Ханш унахаар хүмүүс боддог: “Би мөнгөө алдаж байна. Түр гарч байгаад дараа оръё.” Гэвч ихэнх түүхэн өсөлтүүд зараад гарсан өдрийн маргааш, эсвэл түүний дараа тохиолддог.
"Loss aversion" буюу алдагдлаас зайлсхийх хандлага гэж байдаг. Хүний сэтгэлзүйд, 100 төгрөг алдах мэдрэмж нь 100 төгрөг олохоос 2–2.5 дахин хүчтэй нөлөөтэй байдаг. Тиймээс хүмүүс алдагдлаа “баталгаажуулж” зарснаас “тэвчээд үлдэх”-ийг илүүд үздэг ч, ихэнх өсөлт яг тэдний гарсны дараа болдог нь хамгийн том аймшигтай зөрчил юм.
Өчигдрийн өсөлт яагаад бий болсон бэ?
Ерөнхийлөгч Трамп тарифаа 90 хоногийн хугацаанд түр хойшлуулна гэж мэдэгдсэн.
Худалдааны дайн улам ширүүснэ гэж айж байсан хүмүүс:
- “Өө, сайн мэдээ гарлаа!”
- “Энэ боломж шүү!” гэж бодоод шууд хөрөнгө оруулсан.
Тэгээд л зах зээл тэсрэв.
Гэхдээ үнэндээ 125%-ийн тариф Хятадад хэрэгжиж байгаа хэвээр. Тэгэхээр энэ өсөлт түр зуурын амьсгаа авах завсарлага.
Эцэст нь…
Хөрөнгийн зах зээл бол сэтгэл зүйн тоглоом. Хэрвээ та хамгийн муу өдрүүдэд үлдэж чадвал, хамгийн сайн өдрүүд таныг шагнана.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй