"ГОЛОМТ БАНК" ХК: ХУВЬЦААНЫ ШИНЖИЛГЭЭ
Голомт Банк нь ирээдүйд өсөх боломжоо хадгалсан, мөн эрсдэлийг хаадаг гол үзүүлэлт болох өөрийн хөрөнгийн хүрэлцээг хангалттай түвшинд хүргэсэн үндсэн 2 зорилт бүхий ногдол ашгийн бодлого баримталж байна.
Голомт Банкны өөрийн хөрөнгө IPO хийх үеийн тайлангаар буюу 2021 оны санхүүгийн тайлангаар 659 тэрбум төгрөг байсан нь 2024 оны байдлаар 1,430 тэрбум төгрөгт хүрч, энэ хугацаанд 2.2 дахин нэмэгджээ. “Банкны өөрийн хөрөнгө нэмэгдэх нь тус банканд хөрөнгө оруулсан бүх 22 мянга гаруй хөрөнгө оруулагчдын хөрөнгө баялаг мөн хэмжээгээр нэмэгдэж байгаа явдал юм.”
График 1. Ногдол ашгийн IPO үеийн төсөөлөл, бодит гүйцэтгэл /тэрбум/
Хүснэгт 1. Хувьцааны арилжааны мэдээлэл
Түүнчлэн Голомт Банкны өөрийн хөрөнгийн өгөөж 33.5% байгаа ба тус үзүүлэлтээр банкнууд дунд тэргүүлж байна. Өөрийн хөрөнгийн өгөөж нь тухайн банкны бүх хөрөнгө оруулагчдад ногдох өгөөж бөгөөд энэ нь тус банк 1,430 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөө ашиглаж жилд 419 тэрбум төгрөгийн ашиг бий болгох чадвартай байна гэсэн үг юм. “Өөрийн хөрөнгө нэмэгдсэнээр цаашид Голомт Банкны ашигт ажиллагааны урт хугацааны өсөлт хадгалагдана.”
Түүнчлэн өөрийн хөрөнгөө ашиглаж хөшүүрэг бий болгосноор зээлийн багцаа нэмэгдүүлж, нэмэлт ашиг олох боломж банканд үүсдэг. Үүнийг жишээгээр тайлбарлавал, 2024 оны байдлаар Голомт Банк нь 14.2 их наяд төгрөгийн өр төлбөртэй /харилцах, хадгаламж, бонд зэрэг/ байгаа буюу өөрийн хөрөнгөө 10 дахин давсан хөшүүрэгтэй байна. Үүнээс Голомт Банк 100 тэрбум төгрөгийн ашгаар бий болгосон өөрийн хөрөнгийн нэмэгдлээ ашиглаж 1 их наяд төгрөгийн харилцах, хадгаламж татах боломжтой байгаа нь харагдаж байна. Харин тухайн татсан харилцах, хадгаламжаараа зээлийн багцаа тэлэх ба энэ нь Голомт Банканд 1 жилд ойролцоогоор 160 тэрбум төгрөгийн хүүгийн орлого, 52 тэрбум төгрөгийн цэвэр ашиг бий болгохоор байна. “Иймд ногдол ашгаа оновчтой хуваарилах нь банкны ирээдүйд олох ашигт ажиллагаанд чухал нөлөөтэй.”
Мөн өөрийн хөрөнгө нь банкны эрсдэлийн гол үзүүлэлт болох өөрийн хөрөнгийн хүрэлцээнд чухал байдаг. Банкны актив нь харилцах, хадгаламж эзэмшигчдийн байршуулсан хөрөнгө буюу өр төлбөр, хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө буюу өөрийн хөрөнгөөс бүрддэг. Хэрэв банкны үйл ажиллагаанд эрсдэл тохиолдлоо гэхэд юун түрүүнд өөрийн хөрөнгийн хэсгээрээ харилцах, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалж, дефолт болохоос сэргийлнэ. Энэ нь банкны урт хугацааны тогтвортой өсөлтөд ач холбогдолтой юм. “Хэт өндөр ногдол ашиг тарааж өөрийн хөрөнгийн хүрэлцээг муутгах нь банкны үйл ажиллагааг эрсдэлтэй түвшинд хүргэж болзошгүй тул ногдол ашгаа оновчтой хуваарилах нь банканд чухал байдаг.”
Хүснэгт 2. Хувьцааны суурь үзүүлэлтүүд
График 2. Өөрийн хөрөнгийн өгөөж
График 3. Банкнуудын 2024 оны индексжүүлсэн ханш, 2023.12.31 = 100
Голомт Банк ашгийн өсөлтөөрөө салбартаа тэргүүлж байна.
Голомт Банк 2024 онд 419 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь нэг жилийн дотор 2 дахин өссөн үр дүн юм. Системийн банкнуудын дундаж ашгийн өсөлт 2024 онд 49.7% байсан бол Голомт Банк нь салбарын дунджаас илүү ажиллажээ.
2022 онд Голомт Банк IPO хийх үед 2024 он гэхэд цэвэр ашгаа 6 дахин өсгөнө гэж төсөөлж байсан бол бодит гүйцэтгэлээр 16 дахин өсгөсөн үр дүнтэй байна. Голомт Банк нь IPO үеийн төсөөллийн ашгаа 2024 онд 168.6% давуулан биелүүлсэн байна. Иймд, 2025 онд 188 тэрбум төгрөгийн ашигтай ажиллахаар төсөөлж байсныг давах магадлал өндөр байгаа ба төлөвлөгөөний гүйцэтгэл маш сайн байна гэж дүгнэж болох юм.
График 4. Банкнуудын 2024 оны цэвэр ашиг /тэрбум/ ба ашгийн өсөлт /%/
Санхүүгийн үзүүлэлт талдаа харьцангуй эрүүл, ашигт ажиллагаа сайн байна.
Зээлийн багцын 30.5% бизнест, 22.0% ЖДБ-д, 28.1% иргэдэд, 19.4% ипотект байршсан буюу багцын эрсдэлийг сайн тархаан байршуулжээ. Чанаргүй зээлийн харьцаа 3.0% байгаа нь салбартаа бага эрсдэлтэйгээрээ 2-рт жагсах үзүүлэлт юм. Ногдол ашиг төлөлтийн харьцаа 20% байгаа нь банкны эрсдэлийг хаадаг гол үзүүлэлт болох өөрийн хөрөнгийн хүрэлцээнд сөрөг нөлөө үзүүлэхээргүй байна.
2020 оноос хойш ТОП 5 банк дунджаар 19.3% цэвэр ашгийн маржинтай ажиллаж байсан бол Голомт Банк сүүлийн 2 жилд уг түвшинг давжээ. 2025 он гарснаар бодлогын хүүг нэмэгдүүлж, 12% хүргэсэн нь банкнуудын хүүгийн зөрүүг бууруулах боловч ашиг дахь нөлөөлөл нь харьцангуй бага байна гэж таамаглаж байна.
Хүснэгт 3. Голомт Банкны санхүүгийн түлхүүр харьцаа үзүүлэлтүүд
Нийт активын дүнгээрээ системийн хоёрдугаар том банк болоод байна.
2024 онд нийт активын хэмжээг 4.0 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн. Актив, тэр дундаа хүү олдог зээлийн багцын хэмжээ нэмэгдэх нь банкны урт хугацааны ашгийн өсөлтөд чухал ач холбогдолтой. Өсөлтөд гадаад зах зээлээс 4 бондоор 450 сая долларын санхүүжилт татсан нь ихээхэн нөлөөлжээ.
Мөн 2024 оны 9-р сард олон улсын байгууллагуудаас Голомт банкны зээлжих зэрэглэлийг ахиулснаар гадаад зах зээлд гаргаж буй бондын өртөг буурах боломжийг бий болгосон. Тухайлбал, Голомт Банк 5-р сард 11% өгөөжтэй бонд гаргасан бол зээлжих зэрэглэл ахисны дараа 8.5% өгөөжтэй бонд татан төвлөрүүлжээ.
График 5. Голомт Банкны IPO үеийн ашгийн төсөөлөл
График 6. 2024 оны ашгийн задаргаа /тэрбум/
График 7. Сүүлийн 3 жилийн суурь санхүүгийн үзүүлэлтүүд /₮их наяд/
Банкны салбарын хувьцаа бусад хувьцаанаас багаар үнэлэгдэж байна.
Арилжааны банкнууд 2024 онд нийт активаа 14.3 их наяд төгрөгөөр буюу 25.1% нэмэгдүүлсэн ба зөвхөн системийн 5 банкны ашиг 486 тэрбум төгрөгөөр буюу 42.0% өсжээ. Гэвч хувьцааны ханшийн хувьд харьцангуй доогуур үнэлэгдэж байна. Үнэлгээ их эсхүл бага байгаа эсэхийг үнэ-ашиг, үнэ-дансны үнийн харьцаагаар тооцдог бөгөөд хувьцаа доогуур үнэлэгдэх нь цаашид хувьцааны ханш өсөх боломжтой байгааг илэрхийлдэг. Иймд доогуур үнэлэгдсэн хувьцааг авснаар өндөр өгөөж хүртэх боломжтой байдаг.
Банкнуудыг ТОП 20 индекс дэх банкнаас бусад салбарын компаниудтай 3-р сарын хаалтын ханшаар нь харьцуулбал банкнууд харьцангуй багаар үнэлэгдэж байна. ТОП 20 индекс дэх хувьцааны дундаж үнэлгээний харьцаагаар тооцоход банкнууд цаашид 1.6-2.3 дахин өсөх боломжтой байна.
График 8. Банк, ТОП 20 үнэлгээний харьцаа
Голомт Банк бусад банкнуудтай харьцуулахад харьцангуй доогуур үнэлэгдэж буй.
Нээлттэй банкнуудын үнэ-дансны үнийн харьцаа дунджаар 0.82х байгаа бол Голомт Банкны харьцаа 0.59х байна. Өөрөөр хэлбэл, тус банкны одоогийн хувьцааны ханш нь баланс дахь хувьцаа эзэмшигчдийн хөрөнгөөс доогуур үнэлэгдсэн байгааг илтгэж байна. Тус харьцаагаар тооцвол Голомт Банкны хувьцаа цаашид 39.5% өсөх боломжтой байна.
Үнэ-ашгийн харьцаагаар хувьцааны ханш нь хэдэн жилийн ашигтай дүйцэж байгааг харуулдаг ба Голомт Банкны хувьд энэ харьцаа 2.02х байгаа бол банкнууд 3.68х байна. Энэ нь та Голомт Банкны хувьцааг авснаар 2 жилийн ашгийг худалдаж авч байна гэсэн үг бөгөөд хувьцаа зах зээлээс доогуур үнэлэгдэж байгаагийн илрэл юм. Иймд энэ үзүүлэлтэд үндэслэн дүгнэвэл Голомт Банк мөн адил ирээдүйд өсөх боломж өндөртэй хувьцаа гэж дүгнэж болохоор байна.
2024 онд Голомт Банкны хувьцаа 36.5% өссөн бөгөөд энэ нь тус банкны өөрийн хөрөнгийн өгөөжтэй ижил түвшинд байна. Энэ нь тухайн компанийн санхүүгийн үр ашиг нь хувьцааны ханшид бодитоор илэрч байгаа явдал мөн. Голомт Банк бусад банкнуудтай харьцуулахад өндөр өсөлттэй байгаа нь тус банкны хувьцаа зах зээлд эрэлт өндөртэй хувьцааны нэг байсныг илтгэж буй.
2025 оны эхний улирлын байдлаар л гэхэд өдөрт 58 сая төгрөгийн арилжаа хийгдсэн ба уг үр дүнгээс Голомт Банкны хувьцааг арилжааны идэвх маш сайн буюу дотоодын зах зээл дэх хөрвөх чадвар өндөртэй хувьцааны нэгээр тодорхойлж болохоор байна. Арилжааны идэвхээс харахад Голомт Банкны хувьцаа нь 1,100-1,300 ханшийн хооронд хамгийн идэвхтэй арилжаалагдсан байгаа буюу нийт арилжааны идэвхийн 56.5% нь тус ханшийн интервалд арилжаалагджээ
Хүснэгт 9. Банкнуудын харьцуулсан P/B График 10. Банкнуудын харьцуулсан P/E
Шинжээчийн дүгнэлт:
Голомт Банкны хувьцааг АВАХ эсвэл БАРИХ стратегийг дараах шинжилгээний үр дүнд үндэслэн гаргасан болно.
- Банкнуудын хувьцаа бусад салбарын хувьцаанаас илүү доогуур үнэлэгдсэн;
- Үнэлгээний харьцаагаар банкнууд дунд Голомт Банк хамгийн доогуур үнэлэгдсэн буюу ирээдүйд ханш нь илүү өсөх боломжтой;
- Ашгийн өсөлт, активын өсөлт, өөрийн хөрөнгийн өгөөж системийн банкнууд дунд хамгийн өндөр бөгөөд зээлийн болон санхүүгийн эрсдэл бага;
- Гадаад зах зээлээс идэвхтэй санхүүжилт татаж байгаа нь эх үүсвэрийн өртөг буурахад нөлөөлсөн ба цаашид уг стратегийг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн;
- Урт хугацааны өсөлтийн боломжоо хадгалах, өөрийн хөрөнгийн хүрэлцээг өндөр байлгах зэргийг харгалзсан ногдол ашгийн бодлоготой, IPO үеийн төсөөллөө давсан ногдол ашиг хуваарилалттай;
- Хоёрдогч зах зээлийн арилжааны идэвх өндөр буюу хөрөнгө оруулагчийн өнцгөөс арилжааны стратеги хэрэгжүүлэх боломжтой.
График 11. Өдрийн дундаж арилжааны дүн /₮сая/
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй