Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ ТАРИФЫГ ХОЙШЛУУЛСАН НЬ

ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ ТАРИФЫГ ХОЙШЛУУЛСАН НЬ

ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ ТАРИФЫГ ХОЙШЛУУЛСАН НЬ

Трамп болон бондын зах зээл дах айдас 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны дайнаас үүдэлтэй бондын зах зээлийн тогтворгүй байдал, засгийн газрын бондын өгөөжийн (хүүгийн) огцом өсөлтийн сөрөг нөлөөллөөс шалтгаалан улс орнуудад ногдуулсан тарифыг 90 хоногоор хойшлуулах болжээ. Бондын өгөөжийн (хүүгийн) өсөлт нь АНУ-ын төсөвт дарамт учруулж, өрхийн болон тэтгэврийн сангуудыг алдагдалд хүргэж болзошгүй тул улс төрийн нөхцөл байдлыг харгалзан энэхүү шийдвэрийг гаргасан байна. 

Дональд Трамп худалдааны Дайныг Түр Зогсоов  

БНХАУ-аас бусад дэлхийн 70 гаруй улсад ногдуулсан гаалийн тарифыг 90 хоногийн хугацаанд хойшлуулжээ. 

Бондын зах зээл худалдааны дайныг зогсоов 

Америкийн засгийн газрын урт хугацааны бондын (T-Bills) өгөөж нь  тариф хэрэгжиж эхлэхийн өмнө өнгөрсөн 8-нд (орон нутгийн цагаар) нэгэн үед 3.886%-ийн хамгийн доод түвшинд хүрсэн байдалтай байсан бөгөөд Америкийн 10 жилийн хугацаатай  засгийн газрын бондын өгөөж нь 9-нд тариф хэрэгжсэнээс хойш шууд 4.516% хүртэл огцом өссөн байна. Худалдааны дайнаас болж эдийн засаг хямралд орвол эдийн засгийг сэргээхийн тулд засгийн газар бонд нэмж зах зээлд гаргахаас өөр аргагүй болно гэж хөрөнгө оруулагчид таамаглан урьдчилан зараад эхэлсэн, мөн хедж сангууд АНУ-ын засгийн газрын үнэт цаасны позицуудаа цэгцэлснээс өгөөж (хүү) огцом өссөн, БНХАУ-ын эзэмшиж буй АНУ-ын засгийн газрын үнэт цаасаа зарсан гэж таамгууд зах дээр дээр өрнөв. 

БНХАУ нь 784 тэрбум ам.долларын АНУ-ын засгийн газрын урт хугацааны бонд эзэмшдэг. 

Сөрөг үр дагаврууд  

Америкийн засгийн газрын урт хугацааны бондын өгөөж (хүү) өсвөл дараах сөрөг үр дагаврууд гарч болзошгүй. Үүнд: 

Хамгийн түрүүнд АНУ-ын засгийн газрын бондын хүүгийн төлбөрийн дарамт эрс нэмэгдэнэ.  

АНУ-ын Сангийн яамны мэдээлснээр өнгөрсөн оны байдлаар АНУ-ын нийт өрийн хэмжээ 35.46 их наяд ам.доллар байсан бөгөөд бондын хүүгийн төлбөрт гэхэд 1.13 их наяд ам.доллар зарцуулжээ. Хүү өсвөл АНУ-ын төсвийн байдал улам дордоно. 

Цаашлаад өрхийн орлогод сөрөг нөлөө бий болно. Учир нь АНУ-ын засгийн газрын урт хугацааны бондын өгөөж (хүү) нь зах зээл дахь жишиг хүү (Bench mark) болдог учраас бондын өгөөж (хүү) өсвөл иргэдийн зээлийн хүү ч мөн адил дагаад өсдөг. (Car loan, Mortage loan)  

АНУ-д 30 жилийн хугацаатай, тогтмол хүүтэй ипотекийн зээлийн дундаж хүү 6.64% байна. АНУ-ын зах зээлд бондын хүүгийн өсөлттэй холбоотойгоор зээлийн хүү нэмэгдэж, өрхийн санхүүгийн дарамтыг нэмэгдүүлж болзошгүйг харуулж байна. 

Үүнээс гадна АНУ-ын иргэдийн тэтгэврийг хариуцдаг тэтгэврийн сангууд их хэмжээгээр засгийн газрын урт хугацааны бондод хөрөнгө оруулалт хийдэг. Учир нь АНУ-ын засгийн газрын урт хугацааны бонд нь Safe-Heaven буюу хамгийн эрсдэл багатай хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж явдаг. Гэвч засгийн газрын урт хугацааны бондын өгөөж (хүү) өсвөл юу болох вэ? Бондын зах зээл дээр өгөөж (хүү) болон бондын үнэ эсрэгээрээ хөдөлдөг. Өөрөөр хэлбэл, өгөөж (хүү) өссөнөөр бондын үнэ огцом унаж алдагдал хүлээх эрсдэлтэй болдог. Энэ нь АНУ-ын иргэдийн тэтгэвэрт сөргөөр нөлөөлнө. 

Ерөнхийлөгч Дональд Трамп улс орнуудад тариф ноогдуулсны дараа бондын зах зээл дээр тогтворгүй байдал бий болоход өөрийн гол мөрийн хөтөлбөр болсон улс орнуудад ноогдуулах тарифыг хойшлуулахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Төсвийн дарамт нэмэгдэхээс гадна, өөрийн дэмжигч ард иргэдийн дэмжлэгийг алдах эрсдэл үүссэн тул ийм шийдвэр гаргасан байна. 

Их Британид Ерөнхий сайд нь огцорсон.  

Бондын зах зээлийг цочроож, улмаар засгийн газар солигдсон жишээ ч бий. Энэ явдал нь их британид болсон үйл явдал юм. Их британийн Ерөнхий сайд Лиз Трасс үүрэгт ажлаа хүлээн авангуутаа татварыг бууруулах бодлогыг түлхүү хэрэгжүүлсэн. Гэвч төсөвт үүнийг орлох өөр эх үүсвэр байхгүй үед татварыг бууруулна гэж мэдэгдсэн нь олон улсын зах зээл дээр Их Британийн засгийн газрыг нэмэлт бонд гаргаж санхүүжилт босгоно гэж таамаглал гарч, үүний улмаас засгийн газрын бондын өгөөж (хүү) огцом өсөж, зах зээлд тогтворгүй байдал үүссэн (Фунтийн ханш унасан). 

Эндээс Их Британийн тэтгэврийн сангуудын асуудал хурцадсан. Эдгээр сангууд өр төлбөрт суурилсан хөрөнгө оруулалтын (LDI) стратеги ашигладаг байв. Энэ стратегийн дагуу тэд засгийн газрын бонд зэрэг аюулгүй, эрсдэл багатай хөрөнгө худалдан авч, уг бондыг барьцаалан зээл авдаг байсан. Дараа нь энэ зээлээр деривативын санхүүгийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулдаг. Гэвч бондын өгөөжийн (хүүгийн) өсөлт, зах зээлийн тогтворгүй байдал нь тэтгэврийн сангуудын санхүүгийн байдалд хүнд цохилт болж, тэтгэврийн сангуудын барьцаанд байршуулсан бондын үнэ цэнэ ч буурсан. Мөнгө зээлдүүлсэн санхүүгийн байгууллагууд илүү их мөнгө байршуулах шаардлага (margin call) тавьж эхэлсэн тул тэтгэврийн сангууд мөнгө босгохын тулд эзэмшиж буй бондоо зарах шаардлагатай болж, улмаар бондын үнийг улам унагаах шалтгаан болсон байна. Тэтгэврийн сангуудын эзэмшиж байсан бондын үнэ цэнэ унаснаар ард иргэдийн тэтгэврийн мөнгө хүртэл эрсдэлд орсон юм. Тухайн үед JP Morgan-ийн тооцоолсноор тэтгэврийн сангууд хамгийн ихдээ 150 тэрбум фунтийн үнэлгээний алдагдал хүлээсэн гэж үзсэн. Ерөнхий сайд  Лиз Трасс зах зээлд үүссэн энэ үймээний хариуцлагыг хүлээж, албан тушаалаасаа огцорсон. Ингээд Их Британийн хамгийн богино хугацаанд ажилласан Ерөнхий сайд гэдэг нэр зүүсэн юм. 

Санхүүгийн хямрал бондын зах зээлээс эхэлдэг. 

Нарийвчлан авч үзвэл, олон тооны санхүүгийн хямрал бондын зах зээлийн тогтворгүй байдлаас эхэлдэг. Саяхан болсон 2023 оны АНУ-ын Силиконы Хөндийн Банк (SVB)-ний хямралын жишээ бий. Тухайн үед SVB нь банкны хөрөнгийнхөө ихэнх хэсгийг аюулгүй хөрөнгө (Safe-Heaven) гэж тооцогддог АНУ-ын  засгийн газрын урт хугацааны  бондод хадгалж байв. Гэвч өгөөжийн (хүүгийн) түвшин огцом өсөж, бондын үнэ унаснаар эзэмшиж байсан хөрөнгийн (бондын) үнэ цэнэ буурч, "банкны хямрал" (bank run) үүссэн. АНУ-ын засгийн газар Силиконы Хөндийн Банканд (SVB) хадгаламж эзэмшигчдийн мөнгийг даатгалын хязгаар ($250,000) хамаарахгүйгээр бүрэн төлнө гэж амласнаар санхүүгийн хямрал руу гулсан орохоос  сэргийлж чадсан юм. Бондын зах зээл тогтворгүй байдал үзүүлэхэд Ерөнхийлөгч  Дональд Трамп  ч гэсэн цочирдсон байх магадлалтай. 

АНУ-ын засгийн газрын урт хугацааны  бонд нь өнөөг хүртэл зах зээлд тогтворгүй байдал (Геополитикийн хурцадмал байдал, эдийн засгийн хямрал зэрэг) бий болоход эрэлт нэмэгддэг (үнэ нэмэгдэж эсрэгээрээ өгөөж (хүү) буурдаг) аюулгүй хөрөнгө гэж үнэлэгдэж ирсэн. Гэвч энэ удаагийн худалдааны дайн өрнөж байх үед энэ үүргээ гүйцэтгэж чадаагүй. Магадгүй энэ нь Хөрөнгө оруулагчдын АНУ-д итгэх итгэл суларч буйгийн дохио байж болох юм. Өнгөрсөнд эдийн засаг удаашрах эсвэл зах зээл уналттай байх үед АНУ-ын засгийн газрын урт хугацааны бондыг худалдан авдаг байсан бол одоо алт эсвэл бусад аюулгүй хөрөнгө рүү шилжиж буй хандлага ажиглагдаж байна. Энэ нь долларын байр суурь ганхаж буйг илтгэж байж болох юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.