Түүхэн дээд төсөв: Өсөж буй зарлага, уул уурхайгаас хамааралтай орлого
Монгол Улсын Их Хурал 2027 оны улсын төсвийг эцэслэн баталлаа. Ирэх онд Монгол Улс түүхэндээ хамгийн өндөр орлого төвлөрүүлж, хамгийн их хэмжээний зарлага гаргахаар төлөвлөж байна. Гэхдээ энэхүү төсвийн хэмжээ бус, орлогын тогтвортой байдал нь анхаарал татаж байна.
2027 онд улсын төсөвт нийт 45.7 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцжээ. Үүнээс 6.5 их наяд төгрөгийг хуульд заасны дагуу Үндэсний баялгийн сан болон Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилснаар зарцуулах боломжтой орлого 39.2 их наяд төгрөг болж байна. Харин төсвийн нийт зарлагыг 41.5 их наяд төгрөгөөр төлөвлөж, алдагдлыг 2.3 их наяд төгрөг буюу зөвшөөрөгдөх дээд хязгаарт хүргэжээ.
Энэхүү төсөв нь Монгол Улсын түүхэн дэх хамгийн том төсөв төдийгүй нэг жилийн дотор мөнгөн дүнгээр хамгийн өндөр өсөлт үзүүлсэн төсөв болж байна. Сонирхолтой нь, төсвийн орлогын нэмэгдлийн дийлэнх хэсгийг уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдээс бүрдүүлэхээр тооцсон бол зарлагын өсөлтийн гол хэсгийг цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд чиглүүлжээ.
Эндээс нэг чухал асуулт урган гарч байна. Түр зуурын өндөр орлогоор урт хугацааны тогтмол зардлыг санхүүжүүлэх нь хэр тогтвортой вэ?
Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг сайжруулах нь эерэг алхам. Гэвч уул уурхайн салбар жил бүр өндөр гүйцэтгэл үзүүлж, өсөн нэмэгдэж буй төсвийн зарлагыг санхүүжүүлж чадах эсэх нь эргэлзээтэй хэвээр байна.
Учир нь Монгол Улсын уул уурхайн орлого дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ, БНХАУ-ын эрэлт, олон улсын эдийн засгийн нөхцөл байдал зэрэг бидний шууд удирдах боломжгүй гадаад хүчин зүйлсээс ихээхэн хамаардаг. Харин цалин, тэтгэвэр, тэтгэмж зэрэг нэгэнт нэмэгдүүлсэн зардлыг буцаан бууруулах нь эдийн засаг төдийгүй нийгэм, улс төрийн хувьд ч амаргүй шийдвэр юм.
Хэрэв төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй бол Засгийн газар зарлагаа танах эсвэл шинээр өр тавьж санхүүжүүлэх гэсэн хүндрэлтэй сонголттой тулгарч болзошгүй. Аль аль нь эдийн засаг болон иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Иймд төрийн бодлогын тэргүүлэх чиглэл нь төсвийн хэмжээг жил бүр тэлэх бус, орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, уул уурхайгаас хамаарах хамаарлыг бууруулах, хувийн хэвшлийн бүтээмжийг дэмжих, үр ашиггүй зардлыг танахад чиглэх шаардлагатай байна. Түүнчлэн төсвийн хөрөнгийг улс төрийн богино хугацааны зорилго, ашиг сонирхлоос ангид, эдийн засгийн бодит өгөөжид үндэслэн хуваарилах нь чухал юм.
**Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ үргэлж өндөр байх баталгаа байхгүй. Харин өнөөдөр нэмэгдүүлсэн төсвийн зардал маргааш ч санхүүжилт шаардана.
Эцсийн дүндээ улсын төсөв хэр том болсон нь хөгжлийн хэмжүүр биш. Харин орлого нь хэр тогтвортой, зарлага нь хэр үр ашигтай, эдийн засаг нь гадаад цочролыг хэр тэсвэрлэх чадвартай болсон нь жинхэнэ хөгжлийн хэмжүүр юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
