МУ-ын инфляц 13.4 хувьд хүрсэн ч төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байна
Монгол Улсын инфляц 2026 оны 10-р сард өмнөх сараас 1.1 хувиар нэмэгдэж, жилийн 13.4 хувьд хүрснээр Монголбанкны зорилтот түвшнээс 5.4 нэгж хувиар давлаа. Оны эхний улиралд 7.4 хувьтай байсан инфляц дөрөвдүгээр сараас эрчимжиж, сүүлийн саруудад мах, шатахуун болон импортын барааны үнийн өсөлт голлон нөлөөлж байна.
Тухайлбал, жилийн инфляцын 4 нэгж хувийг махны үнэ, 2.8 нэгж хувийг шатахуун, 2.1 нэгж хувийг импортын бараа, үлдсэн 4.4 нэгж хувийг дотоодын бусад бараа, үйлчилгээний үнийн өсөлт бүрдүүлжээ. АИ-92 автобензиний үнэ литр тутамдаа 3,446 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 33 хувиар нэмэгдсэн бол үхрийн цул махны үнэ 41.7 хувиар өссөн байна. Энэ нь өрхийн өдөр тутмын хэрэглээний зардалд шууд дарамт учруулж байгаа юм.
Нөгөө талаас, инфляц эрчимжиж байгаа ч төгрөгийн ханш харьцангуй тогтвортой хэвээр байна. Монгол Улсын гадаад валютын албан нөөц 10-р сарын эцэст 8.76 тэрбум ам.долларт хүрч, оны эхнээс 25.1 хувиар өсжээ. Харин өмнөх сараас 1.5 хувиар буурсан нь шатахууны үнийн өсөлттэй холбоотой гадаад төлбөр нэмэгдсэнтэй холбоотой байна.
Гадаад валютын нөөцийн өнөөгийн хэмжээ нь бараа, үйлчилгээний импортын зургаан сарын хэрэгцээг хангах, богино хугацаат гадаад өр төлбөрөөс тав дахин өндөр түвшинд байгаа нь төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг дэмжиж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
