Онцлох нийтлэл: Банкнууд ногдол ашгийн 55%-ийг бүрдүүлж байна
Нийт 40 компани 799 тэрбум төгрөгийн ногдол ашигт хуваарилна.
Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн мэдээлснээр:
- 2022 онд 41 хувьцаат компани нийт 158 тэрбум төгрөг
- 2023 онд 38 хувьцаат компани 653 тэрбум төгрөг
- 2024 онд 40 хувьцаат компани 799 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан байна.
Хувьцаат компаниудын ногдол ашгийн хэмжээ өсөж байгаа нь хөрөнгийн зах зээл өсөх, ногдол ашиг тараадаг компаниуд бодитоор үнэлэгдэх, хөрөнгө оруулагчид хяналт тавих, ашгаас өгөөж хүртэх зэрэг олон талын ач холбогдолтой.
Энэ онд ногдол ашиг хуваарилахаа шийдвэрлэсэн 40 хувьцаат компанийн 11 нь хувьцаа эзэмшлийн төвлөрөл өндөр, арилжааны идэвхгүй, бараг хаалттай хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн компаниуд байна.
Тэд нийт 8.7 тэрбум төгрөг буюу нийт ногдол ашгийн 1.1%-г л бүрдүүлж буй.
Ногдол ашиг олгохгүй компани бүр муу гэсэн үг биш.
Учир нь компани ашгаа ногдол ашигт тараахгүйгээр ойрын хугацаанд хэрэгжүүлэх гэж буй төсөл хөтөлбөрүүддээ зарцуулж болно.
Энэхүү төсөл нь компанийн гүйцэтгэлийг сайжруулж, төслөөс гарах өгөөж нь мөнгөний цаг хугацааны үнэ цэнээрээ өнөөдрийн өгөөжийг давж байвал хөрөнгө оруулагчдад ашигтай.
Гэхдээ стартап бизнес үү? Хэдийн төлөвшсөн бизнес үү?
Бизнес тодорхой түвшний ашигт ажиллагаанд хүрээгүй (жишээ нь, Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК, Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК) бол ногдол ашиг бус урт хугацааны өсөлтийг харах нь зөв шийдвэр юм.
Харин төлөвшсөн компанийн хувьд (жишээ нь, Хаан Банк ХК, АПУ ХК) жил бүр ногдол ашгаа хүлээхэд гэмгүй.
Дэлхийд
Нью-Йорк, Торонто, Лондонгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд жилд 1 удаа гэлтгүй хагас жил тутамд, бүр улирал тутамд ногдол ашиг хуваарилдаг жишиг бий.
Тэгвэл сүүлийн жилүүдэд Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд хагас жилд ногдол ашиг хуваарилж эхэлж байгаа нь сайшаалтай.
Өмнө нь АПУ ХК, Гермес Центр ХК-иуд л хагас жилийн ашгаас ногдол ашиг тарааж байсан бол сүүлийн үед энэ эгнээнд Сүү ХК, Богд Банк ХК, Хас Банк ХК нэгдээд байна.
Ингэж ногдол ашгийн давтамжийг нэмэгдүүлэх нь хувьцааны ханшийг тогтвортой байлгах, арилжааны идэвхийг нэмэгдүүлэх, хувьцаа эзэмшигчдийн мөнгөн урсгалд эерэг нөлөө үзүүлдэг давуу талтай.
Банкнуудынхыг тооцохгүй бол бусад ХК-иудын ногдол ашиг буурчээ.
2024 онд ногдол ашгийн хэмжээ 799 тэрбум төгрөг болж өнгөрсөн оноос 22.4% болж өссөн ч банкнуудын ногдол ашгийг энэ үзүүлэлтэд оруулахгүй бол ногдол ашгийн хэмжээ өнгөрсөн оноос буурчээ.
Тодруулбал, 2023 онд 562 тэрбум төгрөг, 2024 онд 360 тэрбум төгрөг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Үүнийг хувьцаат компаниудын Гүйцэтгэх удирдлага, ТУЗ 2024 онд эдийн засгийн хүлээлтээ доогуур тавьж байгаа учраас өнгөрсөн жилийн ашгийг энэ жилийн хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд ашиглах нь зохистой гэж үзэж буйтай холбон тайлбарлаж болох юм.
Банкнууд 2024 оны ногдол ашгийн 55%-ийг бүрдүүлж байна.
Монголын арилжааны 6 банк 2021-2023 онд IPO хийж, нээлттэй компани болсноор 2024 оны ногдол ашгийн хэмжээг мэдэгдэхүйц өсгөлөө.
Тэд нийт 439 тэрбум төгрөг буюу нийт ногдол ашгийн 55%-ийг эзэлж байгаа нь олон нийтийнх болсны ач холбогдлыг илэрхийлж байна.
Монголын банкны салбар эдийн засагт том жин дардаг, хамгийн өндөр ашигтай ажилладаг салбарын нэг тул тэдний өгөөжөөс жижиг хөрөнгө оруулагчид хувь хүртэх нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд чухал ач холбогдолтой.
Цаашид ч банкнууд хөрөнгө оруулагчдадаа өндөр өгөөж хүртээх хүлээлттэй байна.
ХК-иуд нэмэгдсэнээр
Олон чанартай компани IPO хийж нээлттэй хувьцаат компани болох нь зах зээлийн идэвхийг нэмэгдүүлж, жижиг хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг өсгөдөг.
Гэвч зах зээлд институцийн хөрөнгө оруулагчдын тоо цөөн байгаа нь компаниуд IPO хийх сонирхлыг бууруулах нэг хүчин зүйл болж байна.
Хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сангууд олширсноор жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах гол хөшүүрэг болж, компаниудын ногдол ашиг хуваарилах идэвхийг нэмэгдүүлэхэд түлхэц болох учиртай юм.
Голомт Капитал ҮЦК-ийн нэгдээд буй “Ногдол ашгийн төлөлтийн өдрийг тодорхой зарлая” уриалгын хүрээнд ЛэндМН ББСБ ХК, Инвескор ББСБ ХК, Сэндли ББСБ ХК зэрэг компаниуд ногдол ашгийн өдрөө тодорхой зарлажээ.
Энэ нь хувьцаа эзэмшигчид мөнгөн урсгалаа төлөвлөх, компаниуд ногдол ашиг хуваарилахаа зарласан ч өглөг үүсгэх байдлаар санхүүжилт болгон ашиглахыг хязгаарлах ач холбогдолтой. Цаашид илүү олон хувьцаат компаниуд энэ уриалгад нэгдэнэ гэж найдаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй