Бондод хөрөнгө оруулахдаа юуг анхаарах вэ?
Үнэт цаасны зах зээлд 2001 онд Барилга корпораци ХК “Шинэ зуун бонд”-ыг гаргаснаар нээлттэй бонд, 2021 оны 09 сард Голомт Капитал ҮЦК болон Монкон констракшн ХХК-тай хамтран гаргасан “Монкон бонд”-ыг арилжаалснаар хаалттай бондын зах зээлийн түүх эхэлсэн юм.
Тэгвэл 2024 оны байдлаар 4 их наяд төгрөг давсан дүнгээр дотоодын бонд арилжаалагдаад байна. Мөн энэ онд нийслэлээс 500 тэрбум төгрөгийн бонд гаргахаар бэлтгэл ажил хийгдэж байна.
Одоогийн хууль, эрх зүйн зохицуулалтын хүрээнд нээлттэй бондод хөрөнгө оруулахад ямар нэгэн хязгаарлалт байхгүй бол хаалттай бондод хөрөнгө оруулахад МЭРГЭЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ байхыг шаардаж байна.
Та бондод хөрөнгө оруулахаар сонирхож байвал дараах алхмуудаар урьдчилан шалгаарай. Үүнд:
Эргэн төлөлтийн эрсдэлийг судлах:
Барьцаа, баталгаа, батлан даалттай эсэх, эдгээр гэрээ хэлцэл нь зохих журмын дагуу баталгаажсан эсэх, барьцаа хөрөнгө давхар барьцаалагдсан эсэхийг судлах
Бонд гаргаж буй компанийг судлах:
Компанийн түүх болон бизнесийн нэр хүнд сайн байвал давуу тал юм. Мөн аливаа төлбөрийн үүргээ зөрчиж байгаагүй, хугацаа хэтэрсэн зээлийн муу түүхгүй байх шаардлагатай.
Мөн бонд гаргах төсөлд гол үйлчилгээ үзүүлж буй андеррайтерийн компани нь сайн түүхтэй байх
Татвар:
Нээлттэй бондын хувьд татвар 5 хувь, хаалттай бондын татвар 10 хувь байдаг тул ямар төрлийн бонд болохыг тодорхойлоорой.
Бондын нөхцөлтэй танилцах:
Төлбөр хоцорвол алданги бий эсэх, хугацаанаасаа өмнө буцаан дуудах нөхцөлтэй эсэх, хүүгээ хэрхэн тооцох талаар судлах шаардлагатай.
Мөн татан төвлөрүүлсэн хөрөнгийг ямар төсөлд зарцуулах, тухайн төсөл нь найдвартай эсэхийг шалгаарай.
Маргаан шийдвэрлэх:
Маргаан үүсвэл арбитр эсхүл шүүхээр шийдвэрлэх талаар тодорхойлсон эсэхийг судлаарай.
Арбитрын журмаар маргаанаа шийдвэрлэхэд талууд хугацаа хэмнэх боломжтой, харин шүүх нь хугацаа их орох сул талтай гэж судлаачид үзэж байна.
Иймд бондтой холбоотой маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх нь давуу талтай юм.
Бусад:
Үнэт цаасны танилцуулгатай танилцаж бүх нөхцөлтэй танилцах, эрсдэлтэй гэж үзсэн асуудлаар тодруулга, тайлбар авахаар үнэт цаас гаргагчид хандах боломжтой.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй