Дэлхий даяар Азийн хувьцаанд хөрөнгө оруулах сонирхол огцом буурлаа
Гол шалтгаан нь: Технологийн салбарын уналт, эдийн засгийн сул үзүүлэлтүүд, компаниудын таамаглалд хүрээгүй тайлан зэрэг нь хөрөнгө оруулагчдыг эрсдэлээс зайлсхийхэд хүргэж буйтай холбоотой.
LSEG-ийн мэдээлснээр, гадаадын хөрөнгө оруулагчид 7 сард Азийн бүс нутгийн хувьцаанд ердөө 459 сая ам.долларын хөрөнгө оруулсан нь өмнөх сарын 7.16 тэрбум ам.доллароос огцом буурсан үзүүлэлт юм.
BNP Paribas-ийн Ази Номхон далайн бүсийн хувьцаа, деривативын стратегийн хэлтсийн дарга Жейсон Луи "Дэлхийн хөрөнгө оруулагчид санхүүгийн стрессийн үед хөгжиж буй зах зээлийн багцад эзлэх хувиа багасгах хандлагатай байдаг" гэж онцолсон байна.
Мөн тэрээр "Сүүлийн үед дэлхий даяар хиймэл оюун ухаан, хагас дамжуулагчийн хувьцаанд үзүүлэх сөрөг нөлөө даамжирч буй нь Солонгос, Тайванийн хувьцаанд сөргөөр нөлөөлж магадгүй" гэжээ.
Тайванийн хувьцаанууд өмнө нь хиймэл оюун ухааны хөгжлийг дагаж өсөж байсан бол дэлхийн технологийн компаниудын хувьцаа унасны улмаас сүүлийн 10 сарын хугацаанд хамгийн их буюу 4.74 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гарсан байна.
Хөрөнгө оруулагчид Өмнөд Солонгосын хувьцаанд өнгөрсөн сард 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ч энэ сарын эхний 4 өдөрт 962 сая ам.долларын хөрөнгө оруулалт эргэж гарсан нь АНУ-ын эдийн засгийн хямралын эрсдэл хөрөнгө оруулагчдын итгэлийг мохоосонтой холбоотой.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй