Зах зээл тогтворгүй үед хөрөнгөө хэрхэн хамгаалах вэ?
Зах зээл болон эдийн засгийн нөхцөл байдал тодорхойгүй үед түүнд таарсан тохиромжтой стратегийг баримтлах нь хөрөнгө оруулагчдын хувьд чухал юм.
УНАЛТЫГ БОЛОМЖ ГЭЖ ХАРАХ
(Варрен Баффет: "Муу мэдээ хөрөнгө оруулагчийн хамгийн сайн найз юм. Энэ нь та Америкийн ирээдүйн нэг хэсгийг хямд үнээр авах боломжийг олгодог")
Туршлагатай хөрөнгө оруулагчид зах зээл тогтворгүй байсан ч тайван байж боломжуудыг ашиглахыг хичээдэг.
Хэдий үймээн самуунтай байгаа ч зах зээлд оролцогчид идэвхтэй хэвээр байж зах зээл урт хугацаанд сэргэнэ, хөрөнгийн үнэ буурах нь боломжийг бий болгоно гэж үзэн хувьцаагаа үргэлжлүүлэн авсаар байдаг.
1929 оноос хойш 24 бух зах зээл дунджаар 1,101.5 өдрийн турш 121.4%-ийн өсөлт үзүүлсэн бол 21 баавгай зах зээл дунджаар 304.4 өдрийн турш 37.4%-ийн уналттай байжээ.
ТАЙВАН БАЙЖ, САНДРАН ЗАРАХААС ЗАЙЛСХИЙ
(Варрен Баффет: "Бусад хүмүүс айж байгаа үед зоригтой бай.”)
Сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй яаран шийдвэр гаргах нь алдаанд хүргэж болно. Зах зээл цаг хугацааны явцад сэргэдэг тул сандран зарахаас зайлсхийх нь чухал.
1926 оноос хойш тухайн жилд хувьцааны зах зээлд 20.0%-иас дээш уналт 6-хан удаа гарч байсан.
НЭР ХҮНДТЭЙ КОМПАНИУДАД ХӨРӨНГӨ ОРУУЛ
(Варрен Баффет:"Цаг хугацаа сайн бизнесийн найз, дундаж бизнесийн дайсан")
Сайн гүйцэтгэлтэй, бат бөх суурьтай нэр хүндтэй компаниуд зах зээлийн уналтыг тэсвэрлэх чадвартай байдаг учраас сонгох нь зүйтэй юм.
Эдгээр компаниуд нь Америкийн хамгийн нэр хүндтэй, бат бөх суурьтай 500 компанийн хувьцааг багтаадаг S&P 500 индекст ордог. Тус индексийн урт хугацааны өсөлт тогтвортой байдаг.
1926 оноос хойш S&P 500 индексийн жилийн дундаж өсөлт 10%-иас дээш байна.
Түүнчлэн нэр хүндтэй компаниудын хувьцаа баавгай зах зээлийн үед бага унадаг.
Жишээлбэл, 2008 оны санхүүгийн хямралын үед Berkshire Hathaway, Johnson & Johnson зэрэг компаниудын хувьцааны уналт зах зээлийн нийт уналтаас бага байв. Энэ нь эдгээр компаниудын бат бөх суурьтай байдлыг илтгэнэ.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ТӨРӨЛЖҮҮЛ
Эрсдэлийг хязгаарлах гол стратегийн нэг бол төрөлжүүлэх юм. Нэг хөрөнгө оруулалт нь муу байлаа ч бусад нь сайн байвал алдагдлыг нөхөх боломжтой.
Тухайлбал, хувьцааны зах зээл муу байвал бонд эсвэл бусад хэрэгслүүд сайн байж, алдагдлыг нөхдөг. Вангуардын судалгаагаар, төрөлжсөн хөрөнгө оруулалт нь зах зээлийн хэлбэлзлийг бууруулж, тогтвортой ашиг авчрах боломжийг нэмдэг гэжээ.
Зөвхөн өөр төрлийн хувьцаатай байхаас гадна өөр салбар, газарзүйн бүс нутагтай байх нь чухал.
Энэ нь тодорхой салбар эсвэл бүс нутагт гарах сөрөг үйл явдлын нөлөөллийг бууруулна. АНУ-ын зах зээл унаж байхад Азийн зах зээл өсөж болно.
БУСАД
Хөрөнгө оруулалтын шийдвэрээ урт хугацаанд бодож 5, 10, 20 жилийн дараах нөхцөл байдалд төвлөрөх шаардлагатай.
Зах зээл уналтын бүсэд шилжих тохиолдолд түүнд худалдан авалт хийх нөөц мөнгийг үргэлж үлдээх хэрэгтэй.
Мэдээ мэдээлэл, эдийн засгийн үзүүлэлтүүдийг цаг тухайд бүрд нь найдвартай, судалгаатай эх сурвалжуудаас авч байх хэрэгтэй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй