Монгол Улсын зээлжих зэрэглэл нэг шат ахиж “B+,ТОГТВОРТОЙ” түвшинд хүрлээ.
Олон улсын Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа "B+ тогтвортой" болгон ахиулжээ. Энэ нь Монголын эдийн засаг 2012 оны түвшинд ойртож байгааг илтгэнэ.
Зээлжих зэрэглэл өссөнөөр хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, зээлийн хүү буурах боломж бүрддэг. Фитчийн тайланд дурдсанаар, зээлжих зэрэглэл сайжрахад дараах хүчин зүйлс голлон нөлөөлжээ:
- Засгийн газрын өрийн удирдлагын оновчтой бодлого хэрэгжиж, гадаад өрийн дарамт багассан.
- Гадаад валютын нөөц тогтмол өссөн.
- Төсвийн сахилга бат сайжирсан.
- Эдийн засгийн өсөлт болон хамтарсан засаглал нь улс төрийн тогтвортой байдлыг хангаж, Засгийн газрын бодлогын үргэлжлэх дохио болсон.
Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+ тогтвортой” болгон ахиулахдаа, уул уурхайн салбарын хүчтэй үзүүлэлтүүдийг онцолжээ. Энэ нь улсын гадаад валютын нөөц өсөж, өрийн ачаалал буурсан, мөн гадаад өрийн хугацаа хуваарилалт илүү удирдах боломжтой болсон гэж дүгнэсэн байна. Гэсэн хэдий ч Монгол Улс гадаад эдийн засгийн нөлөөлөлд өндөр өртөмтгий хэвээр гэж Фитч үзэж байна.
Дэлгэрэнгүй авч үзвэл:
Эдийн засгийн өсөлт: Уул уурхай, ялангуяа нүүрс, зэс олборлолтын өргөжилтээр дэмжигдсэн эдийн засгийн өсөлт 2024-2026 онд дунджаар 6%-тай байх төлөвтэй байна. Оюу Толгойн зэсийн уурхайн газрын гүний олборлолт 2025 онд илүү их хэмжээний үйлдвэрлэл үзүүлнэ.
Төсвийн сахилга бат: 2024 онд улсын төсөв тэнцвэртэй, харин 2025-2026 онд төсвийн алдагдал 3% орчимд хүрнэ гэж урьдчилан тооцсон байна.
Өрийн тогтвортой байдал: Засгийн газрын өрийн хэмжээ 2024 оноос эхлэн ДНБ-ий 44%-д тогтвортой байх төлөвтэй байна. Өрийн тааз ДНБ-ий 60%-аар хязгаарлагдаж, илүүдэл хөрөнгийг өрийг дарахад зарцуулахаар тусгасан.
Гадаад валютын нөөц: 2023 онд Монголын гадаад валютын нөөц эрс нэмэгдэж, 2024 оны наймдугаар сард 4.8 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь 2022 оны доод хэмжээнээс хоёр дахин их үзүүлэлт юм.
Эрсдэл: Монголын эдийн засаг бараг бүхэлдээ уул уурхайн бүтээгдэхүүний экспортод, ялангуяа Хятад руу чиглэсэн нүүрсний экспортоос хамааралтай хэвээр байгаа нь гадаад шокт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Эерэг хүчин зүйлс: Гадаад валютын нөөц үргэлжлэн нэмэгдэх, өрийн удирдлага сайжрах, мөн уул уурхайн салбарын тэлэлт хүчтэй үргэлжлэх тохиолдолд Монгол Улсын зээлжих зэрэглэл цаашид сайжрах боломжтой гэж Фитч агентлаг үзсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй