CPI хүлээлтийн дагуу гарлаа
АНУ-ын хэрэглээний үнийн өсөлт наймдугаар сард нэмэгдсэн ч шинжээчдийн хүлээлттэй нийцсэн нь Холбооны Нөөцийн Сан (ХНС)-гийн ирэх долоо хоногийн бодлогын хурлаар хүүг бууруулах магадлалыг улам нэмэгдүүлж байна.
Хөдөлмөрийн департаментын Статистикийн товчооны мэдээлснээр, хэрэглээний үнийн индекс (CPI) наймдугаар сарын байдлаар жилийн 2.9% өссөн байна. Энэ нь долдугаар сарын 2.7%-иас өссөн үзүүлэлт бөгөөд эдийн засагчдын хүлээлттэй таарчээ. Харин сарын дүнгээр инфляц 0.4% болж, өмнөх сарын 0.2%-иас түргэсэж, таамагласан 0.3%-аас арай өндөр гарсан байна.
Статистикийн товчооны тайланд дурдсанаар, орон сууцны зардал 0.4%-иар өссөн нь сарын инфляцын өсөлтөд хамгийн ихээр нөлөөлжээ. Хоол хүнс, түлш зэрэг хэлбэлзэл ихтэй ангиллуудыг хассан “цөм” инфляц жилийн 3.1%, сарын 0.3% байсан нь өмнөх сарын түвшин болон зах зээлийн хүлээлттэй тэнцүү гарсан байна.
Цөм инфляцын өсөлтөд нисэхийн тийз, шинэ болон хуучин автомашин, хувцасны үнэ нөлөөлсөн бол эмнэлгийн үйлчилгээ, чөлөөт цагийн зардлын бууралт хэсэгчлэн нөхжээ. Эдгээр тоо баримт ХНС-г ирэх есдүгээр сарын 16-17-нд хийх хуралдаанаараа хүүгээ бууруулах магадлалыг улам нэмэгдүүлж байна. Гэхдээ цаашдын мөнгөний бодлогод төвөгтэй нөхцөл байдал үүсгэж болзошгүй юм.
ХНС хөдөлмөр эрхлэлт болон инфляцыг 2%-ийн зорилтот түвшинд хадгалах зорилгоо хамт авч явах бэрхшээлтэй тулгарч байгаа гэсэн үг. Гэсэн ч ХНС-ийн албаныхан, тэр дундаа дарга Жером Пауэлл хөдөлмөрийн зах зээлийн сулралыг инфляцын дарамтаас илүүтэйгээр анхаарч байгаа хандлагаа илэрхийлжээ. Наймдугаар сард АНУ-ын хөдөлмөр эрхлэлт буурч, ажилгүйдлийн түвшин сүүлийн дөрвөн жилийн дээд хэмжээнд хүрсэн юм.
Хүүг бууруулснаар хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжтой ч үнийн өсөлтийг дахин өдөөх эрсдэлтэй. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Дональд Трампын хэрэгжүүлж буй импортын тарифууд нь олон компанийн өртгийг нэмсэн. Walmart, Target зэрэг жижиглэнгийн худалдаачид үнээ аль хэдийн өсгөсөн байна.
CME-ийн FedWatch Tool-ийн мэдээллээр, ирэх долоо хоногт ХНС дор хаяж 25 суурь нэгжээр (basis point) хүүг бууруулах магадлал бүрэн баталгаажиж, бүр 50 нэгжээр бууруулах боломж ч байгаа аж. Одоогийн бодлогын хүүгийн хүрээ 4.25%-4.5% байна.
"CPI тийм ч зөөлөн эсвэл таамагласнаас бага гараагүй ч одоогийн нөхцөлд зөвхөн таамаглалтай дүйцсэн нь ХНС-ийн хүүг бууруулах үндэслэлийг улам бататгаж өгч байна."
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй