Говь ХК-ийн ХХК болох ажиллагааг зогсоолоо
2025.09.08-нд Говь ХК хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ болох шийдвэр гаргасныг Санхүүгийн зохицуулах хорооноос шалгаж дараах зөрчлийг илрүүлсэн байна.
Зөрчил:
- 2019 оны 5 сард Говь ХК-ийн ТУЗ-ийн холбогдох шийдвэрүүдээр Гоёо ХХК-ийн хувьцааг Таван Богд холдингс ХХК-аас 15.0 сая ам.доллараар худалдан авах, мөн оны 7, 8 сард Гоёо ХХК-ийн 101.5 тэрбум төгрөгийн зээлийг Говь ХК-д шилжүүлэн авахаар шийдвэрлэсэн.
- Үүний дагуу Говь ХК нь 2019-2024 оны хооронд хувьцааны төлбөрт 17.7 сая ам.доллар, зээлийн төлбөрт 106.6 тэрбум төгрөг буюу нийт 161.7 тэрбум төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан байна.
- Дээрх шийдвэрийг гаргахдаа Гоёо ХХК-ийн санхүү, үйл ажиллагаа, өр төлбөр, хөрөнгийн талаарх судалгаа тооцоололгүй, эд хөрөнгийн эрхийн буюу хувьцааны зах зээлийн үнийг тогтоолгүй, хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээ, ТУЗ-ийн дэргэдэх аудитын хорооны дүгнэлтгүйгээр хувьцааг худалдан авах сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн.
- Гоёо ХХК-ийг нэгтгэх шийдвэрийг гаргаагүй ч охин компанийн зээлийг хариуцах, шилжүүлэн авах эрх зүйн болон бодит үндэслэлгүйгээр өрийг шилжүүлэн авч төлсөн нь хууль зөрчсөн байна.
Улмаар компанийн зардал нэмэгдэж сүүлийн 6 жилд ашиггүй ажиллан, ногдол ашиг олгох боломжгүй нөхцөл байдал үүсэж жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзлээ.
Өр төлбөр:
- Монголын хөрөнгийн бирж дээр Говь ХК-ийн 2025.10.24-ний өдрийн байдлаарх зах зээлийн үнэлгээ 178.2 тэрбум төгрөг байгаа бол тус компанийн 2025 оны II улирлын санхүүгийн тайлангаар 388.7 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байна.
- Өр төлбөрийн хүрээнд 2019 оноос хойш ноос, ноолуурын түүхий эд бэлтгэх, тэдгээртэй холбоотой бусад эргэлтийн хөрөнгийн зориулалт бүхий төсөл, хөтөлбөрийн хөнгөлөлтэй нөхцөлөөр нийт 228.3 тэрбум төгрөгийн зээл авснаас 31.8 хувь буюу 72.7 тэрбум төгрөгийг зориулалтын дагуу зарцуулсан бол бусад зээлийн төлбөрийн зарцуулалт тодорхойгүй байна.
Үүрэг, даалгавар:
- Иймд СЗХ нь дээрх зөрчлийг арилгах, хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулсны дараа хувьцааны бодит үнэлгээг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар хийлгүүлэх зэрэг үүргийг Говь ХК-д хүргүүллээ.
- Мөн СЗХ-ны бүрэн эрхийн хүрээнд эдгээр асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд буюу Говь ХК-ийн 10.3 хувийн хувьцааг эзэмшиж буй 25,000 гаруй жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашиг хамгаалагдах хүртэл тус компанийн хэлбэрээ өөрчлөх ажиллагааг зогсоолоо.
Одоогоор Говь ХК-ийн хувьцааны арилжаа хөрөнгийн бирж дээр хэвийн үргэлжилж байна.
Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
