Хувьцаат компаниуд ногдол ашгийг хагас жилээр хуваарилах боломжтой боллоо
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар хувьцаат компаниуд ногдол ашгийг зөвхөн жилийн эцсээр бус, хагас жилээр хуваарилах боломжийг албан ёсоор бүрдүүллээ. Мөн ногдол ашгийг бэлнээр олгохоос гадна нэмж хувьцаа гарган, үнэт цаасны хэлбэрээр олгох зохицуулалтыг баталсан байна.
Энэхүү шийдвэр нь хувьцаа эзэмшигчид тогтмол хугацаанд бодит өгөөж хүртэх, мэдээллийг ил тод, шуурхай авах нөхцөлийг сайжруулж, компаниуд жилд хоёр хүртэл удаа ногдол ашиг тараах эрх зүйн боломжтой болж буйгаараа онцлог юм. Энэ нь зах зээлийн идэвх, хөрөнгө оруулагчдын итгэлцлийг нэмэгдүүлэх, компанийн засаглалыг сайжруулах ач холбогдолтой.
Мөн хуралдаанаар хувийн хөрөнгө оруулалтын сангийн баримт бичиг, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны бүртгэл, компанийн дүрэм болон хувь нийлүүлсэн хөрөнгийн өөрчлөлт зэрэг нийт 31 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, зарим банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох шийдвэр гаргасан байна.
Эх сурвалж: СЗХ
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
