Газрын тосны үнэ $100-ын босгыг давлаа
Ойрх Дорнодод дайн хурцдаж, стратегийн чухал гарц болох Ормузын хоолой хаагдсантай холбоотойгоор дэлхийн газрын тосны үнэ огцом өсөж, баррель нь 100 ам.доллароос давлаа.
АНУ-ын жишиг үнэ болох West Texas Intermediate баррель нь 18.9%-иар өсөж 108.15 ам.долларт хүрсэн бол дэлхийн жишиг болох Brent crude oil 16.2%-иар өсөж 107.70 ам.доллар болсон байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын газрын тосны үнэ бараг 35%-иар өссөн нь 1983 оноос хойших хамгийн том өсөлт болжээ.
Персийн булан дахь тулааны улмаас Ормузын хоолой бараг хаагдсан нь дэлхийн газрын тосны зах зээлд томоохон цохилт өгч байна. Энэ хоолойгоор дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 20% орчим дамждаг. Тиймээс тээвэр саатсанаар Персийн булангийн олон улс орон газрын тосоо экспортлох боломжгүй болсон байна.
Нефть олборлогч орнууд үйлдвэрлэлээ бууруулж эхэллээ:
- Кувейт аюулгүй байдлын эрсдэлээс шалтгаалан нефть олборлолт болон боловсруулах үйлдвэрлэлээ урьдчилан сэргийлэх зорилгоор бууруулжээ.
- Иракийн өмнөд хэсгийн томоохон гурван ордод олборлолт 70%-иар буурч, өдөрт 4.3 сая баррель байсан үйлдвэрлэл 1.3 сая баррель болж багассан байна.
- Арабын Нэгдсэн Эмират мөн далайн олборлолтын хэмжээгээ болгоомжтой хянаж эхэлсэн гэж мэдэгдэв.
Газрын тосны үнийн өсөлтийн улмаас АНУ-д шатахууны дундаж үнэ галлон тутамд 3.46 ам.доллар болж, долоо хоногийн өмнөх 2.94 ам.доллароос огцом нэмэгдсэн байна.
Гэсэн ч АНУ-ын зүгээс өсөлт түр зуурынх гэж үзэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Donald Trump нефтийн үнийн өсөлтийг түр хугацааны асуудал гэж тайлбарласан. Түүний хэлснээр "Ираны цөмийн аюул занал арилсны дараа газрын тосны үнэ хурдан буурна гэж үзэж байна" гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
