Зах зээлийн нөхцөл байдал өөдрөгжсөн ч бүрэн сэргэлтэд хугацаа шаардлагатай
АНУ болон Ираны зөрчил намжих хүлээлт нэмэгдэж, хөрөнгийн зах зээлд эерэг дохио илэрч эхэлсэн ч зах зээлийн бүрэн тогтворжилт богино хугацаанд хангагдах төлөвгүй байна.
Дэлхийн эрчим хүчний стратегийн чухал гарц болох Ормузын хоолой богино хугацаанд хэвийн байдалдаа орох магадлал бага хэвээр байна. Prediction market-ийн мэдээллээс харахад танкерийн хөдөлгөөн ойрын хэдэн долоо хоногт бүрэн сэргэнэ гэсэн хүлээлт сул байгаа бөгөөд 4 дүгээр сарын дунд үе гэхэд хэвийн болох магадлал 25%-аас доогуур үнэлэгдэж байна.
Харин хугацаа урагшлахын хэрээр нөхцөл байдал сайжрах хүлээлт нэмэгдэж, 6 дугаар сар гэхэд магадлал 60 гаруй хувь, 7 дугаар сар гэхэд 70 гаруй хувьд хүрч байгаа нь зах зээл аажмаар тогтворжих боломжтой ч тодорхой хугацаа шаардагдахыг илтгэж байна.
Ормузын хоолой нь дэлхийн нефтийн ойролцоогоор 20%-ийг дамжуулдаг стратегийн гол гарц бөгөөд Ираны халдлагын улмаас танкерийн урсгал бараг зогсонги байдалд орсон нь зах зээлд томоохон дарамт үүсгээд байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хоолой ойрын хугацаанд нээгдэж магадгүй хэмээн мэдэгдэж, хэлэлцээний үр дүнд шийдэлд хүрэх боломжтой гэсэн өөдрөг байр суурь илэрхийлсэн ч бодит нөхцөл байдалд дорвитой ахиц одоогоор ажиглагдахгүй хэвээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
