АНУ-ын индексүүд жижиглэн худалдааны салбарын тайлангаас болж уналаа
АНУ-д нфляцийн түвшин нэмэгдэж, бодлогын хүү өссөн нь айл өрхүүдийг зарцуулалтаа танахад хүргэж улмаар жижиглэн худалдаа эрхлэгч компаниудад сөргөөр нөлөөлөн борлуулалтын орлого, цэвэр ашиг, хувьцааны ханшийг бууруулсан.
Тухайлбал, Target компанийн тайлан зарлагдсаны дараа хувьцааны ханш нь ойролцоогоор 25 хувиар унажээ.
Энэ мэтээр жижиглэн худалдаа эрхлэгч компаниудын нэгдүгээр улирлын тайлан му угарснаар өнгөрсөн 7 хоногт АНУ-ын голлох индексүүд болох S&P 500 3.05 хувиар, Nasdaq 3.82 хувиар, Dow Jones 2.9 хувиар унаад байна.
Хөрөнгө оруулагчид ирэх саруудад жижиглэн худалдаа эрхлэгчдийн борлуулалтын орлого инфляциас болж үргэлжлүүлж унана хэмээн дүгнэж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтаа татах сэдлийг шалтгаан болж байгаа юм.
Холбооны Нөөцийн Сангаас инфляцийг буурах хүртэл бодлогын хүүг өсгөнө гэж мэдэгдсэн. Хэт их бодлогын хүүний өсөлт нь эдийн засгийн хямралыг авчрах талтай учраас хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжлэхээр байна.
Ирэх саруудын эдийн засгийн үзүүлэлт тодорхой болсноор хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээл үргэлжлүүлэн унах уу эсвэл буцаад сэргэх үү гэдгийг дүгнэхэд дөхөм болох юм.
Зарим шинжээчид хөрөнгийн зах зээл удахгүй сэргэнэ гэж үзэж “buy the dip” буюу ёроолын цэгээс нь санхүүгийн хэрэгсэл худалдаж авах зөвлөгөөг өгч байна.
Гэхдээ хөрөнгийн зах зээл сэргэж алдагдлаа нөхтөл багагүй хугацаа шаардагдах ба энэ нь арай “U” хэлбэртэй сэргэлт байх магадлалтай.
2018.12 сард S&P500 индекс 19.8 хувиар унаж, 3 сарын дотор алдагдлаа нөхөж сэргэсэн. 2020.3 сард 33.9 хувиар унаж 3.5 сарын дотор сэргэж байсан. Эдгээр үеүдэд хөрөнгийн зах зээлийн сэргэлт “V” хэлбэртэй байсан юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй