Credit Suisse энэ оны S&P 500 индексийн таамаглалаа дахин буурууллаа
Credit Suisse Group-ийн шинжээчид S&P 500 индексийн 2022 онд 5,200 хүрнэ гэж оны өмнө таамаглаж байсан бөгөөд уг таамаглалаа 4,900 болгож бууруулаад байсан бол өчигдөрхөн таамаглалаа дахин бууруулж 4,300 болгосон байна. Өчигдрийн хаалтын ханшаар S&P 500 индекс 3831.39 хүрсэн бөгөөд тэдний таамаглалд хүрэхийн тулд S&P 500 индекс маань үлдсэн хагас жилийн дотор 12 хувиар өсөх шаардлагатай болоод байна. Таамаглалаа бууруулсан хэдий ч хэрэв тус байгууллагын таамаглалын дагуу он дуусвал индексүүд ямар ч байсан өсөлттэй дуусах нь ээ.
Тэдний хэлж байгаагаар таамаглалаа бууруулах болсон гол шалтгаан нь үнэлгээ талаас капиталын зардал, хорогдуулагч хүчин зүйлс өсөж байгаа нь голлон нөлөөлжээ. Гэхдээ тэдний үзэж байгаагаар дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт удаашралтай байгаа хэдий ч эдийн засгийн их удаашрал үүсгэх хэмжээний өндөр удаашралтай биш байгаа аж.
Credit Suisse-ийн шинжээчид S&P 500 индексэд багтаж буй 500 компанийн нэгж хувьцаанд ногдох цэвэр ашгийг 235 ам.доллар буюу 2021 оныхоос 12 хувиар өснө гэж таамагласан бөгөөд үүнд борлуулалтын орлого 7.5 хувиар, маржин 3.7 хувиар, хувьцаа халааслалт 1 хувиар нөлөөлнө гэж таамаглажээ.
Харин өчигдөр АНУ-ын 2 жилийн хугацаат бондын өгөөж 10 жилийн хугацаат бондын өгөөжөөс давсан нь эдийн засгийн их удаашралын нэг дохио гэж зарим эдийн засагчид үзэж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчдын дунд айдас хэвээр байсаар байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй