Нүүрсний АМНАТ-ын жишиг үнийг илүү нарийвчилна
“COAL MONGOLIA 2022” Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалтад Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал хэлсэн үгэндээ нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ тооцох жишиг үнийг чанарын үзүүлэлттэй нь уялдуулж шаталсан тариф тогтооно гэж мэдэгдлээ. Түүнчлэн нүүрсийг шинж чанараар нь 11 ангилалд хувааж байсныг 29 ангилал болгож нэмэгдүүлжээ. “АМНАТ тооцох жишиг үнийн аргачлалыг тогтоохын тулд хөндлөнгийн судлаачдыг ажиллуулж олон улсын жишигт нийцсэн хүний нөлөөлөлгүй стандарт аргачлалтай болох ёстой” гэдгийг тэрбээр цохон тэмдэглэсэн юм.
АМНАТ-ийг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 174 дүгээр тогтоолын дагуу өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн зөвхөн жишиг үнээр тооцдог болсон нь нүүрс олборлогч зарим аж ахуйн нэгжүүдэд үндэслэлгүй татвар ногдуулах, татварын шударга бус дарамтад өртөх тохиолдлууд гарч байгааг нүүрс олборлогчид хэлж байгаа юм.
Жишээ нь, 2021 оны наймдугаар сард Тавантолгойн ордоос тонн тутам нь 70 ам.доллароор ачигдсан нүүрс Гашуунсухайт боомт дээр 171 ам.доллар, БНХАУ-ын Ганцмод боомт дээр 270 ам.доллар хүрч байжээ. Тухайн үед уурхайн ам дээрх борлуултын үнэ 70 ам.доллар байхад Ганцмод боомт дээрх үнэ буюу 270 ам.доллароор АМНАТ тооцож байжээ.
Эл асуудалд Эдийн Засгийн Судалгаа, Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн ахлах судлаач З.Манлайбаатар өөрийн байр сууриа илэрхийлж “Жишиг үнийг зарлахдаа БНХАУ-ын НӨАТ-аас бусад зардлуудыг хасаж тооцдоггүй. Монголын хилээс цаана төлөх гаалийн татвар, ариутгалын төлбөр, гаалийн бүрдүүлэлтийн төлбөр, хадгалалт, ачиж буулгах зардал, байгаль орчны татвар, тээвэрлэлтийн зардал, БНХАУ-ын орон нутгийн шинжтэй татвар хураамж зэрэг төлбөрийг хасаж жишиг үнийг тооцох ёстой” гэсэн юм.
Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн дэд сайд Б.Батнайрамдал “Мөн ашигт малтмал олборлож байгаа орон нутагт үр өгөөж нь очих ёстой гэсэн зарчмын хүрээнд АМНАТ-ын тодорхой хувийг орон нутгийн төсөвт үлддэг байх зохицуулалтыг салбар яамдын оролцоотойгоор цогцоор нь шийднэ” хэмээн хийгдэхээр төлөвлөж буй бодлогын өөрчлөлтийн талаар ярилаа.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй