АНУ-ын эдийн засгийн өнөөдөр зарлагдах үзүүлэлт
АНУ-ын эдийн засгийн өнөөдөр зарлагдах үзүүлэлтүүд хөрөнгө оруулагчдын дунд их хүлээлттэй байна. Хөдөлмөрийн зах зээлийг илтгэх эдийн засгийн үзүүлэлтүүд болох ажилгүйдлийн түвшин, фермийн бус цалингийн бүртгэл, цагийн дундаж цалин зэргийн тоон мэдээлэл зах зээлд хэрхэн нөлөөлөх вэ?
Шинжээчид есдүгээр сарын ажилгүйдлийн түвшинг 3.7 хувь, цагийн дундаж цалинг өмнөх жилийнхээс 5.1 хувиар, фермийн бус цалингийн бүртгэлийг 250,000-аар нэмэгдэнэ гэж таамаглаж байна. Хэрэв эдийн засгийн үзүүлэлтүүд таамаглаж байснаас сайн гарвал хөдөлмөрийн зах зээл сайн байна гэсэн үндэслэлтэйгээр ХНС-гаас дахин эрчтэйгээр бодлогын хүүг өсгөж, муу гарвал тийм өндөр дүнгээр бодлогын хүүг өсгөхгүй хэмээн хөрөнгө оруулагчид хүлээж байна.
Эрх баригчид инфляцыг хяналтад оруулах хэмжээгээр мөнгөний бодлогыг чангатгахдаа аль болох эдийн засгийг удаашруулахгүй байх зарчмыг баримталж байна. Сүүлд өгсөн мэдэгдлээс үзвэл инфляцыг хяналтад оруулах нь нэн тэргүүний зорилт ба үүнийг хийж байх хугацаанд тодорхой хэмжээгээр эдийн засгийн өсөлтийг удаашруулна. Миннеаполис ХНС-ийн ерөнхийлөгч Нейл Кашкар чуулганы асуулт хариултын хэсэг дээр “Би Америкчуудын худалдан авах чадварыг дээшлүүлэхийг хүсэж байна. Ингэхдээ эдийн засаг нь тогтвортой, 2 хувийн инфляцтай байх хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн.
ХНС-гаас мөнгөний бодлогыг хэт чанга барьж байгаа гэж үзэхүйц хэд хэдэн эдийн засгийн үзүүлэлт гарсан. Тухайлбал, есдүгээр сарын ажлын цомхотгол нь сарын өмнөхөөс 46.4 хувиар өссөн үзүүлэлттэй, наймдугаар сарын шинээр нэмэгдэж байгаа ажлын тоо хэмжээ 1.1 саяар буурсан үзүүлэлттэй байна.
Бодлогын хүүгийн өсөлт нь эдийн засагт хариу үйлдэл үзүүлтэл тодорхой хэмжээний хугацаа шаарддаг ба удахгүй эдийн засгийн удаашралт болох нь дамжиггүй хэмээн зарим шинжээчид үзэж байна. “ХНС хөдөлмөрийн зах зээлийг унатал мөнгөний чанга бодлого баримтлах ба энэ нь ХНС цалингийн бүртгэлийн өсөлт буурч, ажилгүйдлийн түвшин өсөх замдаа явж байгааг мэдэж байгаа” хэмээн Bank of America-гийн стратегич Меган Свибер мэдэгдлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй